АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэгч холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 1.5-1.7 хувь болгон, 75 суурь нэгжээр нэмэгдүүлжээ. Үүнээс гадна тус сангаас АНУ-ын ДНБ-ий энэ оны өсөлтийн талаарх таамгаа 1.5 хувиас 2.8 хувь хүртэл өсгөсөн бол ирэх 2023 оны таамгийг 2.2 хувиас 1.7 хувь болгон бууруулжээ.
Холбооны нөөцийн сан бодлогын хүүг цаашид өсгөх нь зохистой гэдгийг тэмдэглэсэн байна. АНУ-ын Төв банк тус улсын хөдөлмөр эрхлэлтийн түвшин хамгийн дээд хэмжээнд хүрч, инфляцын түвшин урт хугацаанд хоёр хувьд хадгалагдана гэсэн тооцоололтой хэвээр байна.
“Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг хариуцаж буй хяналтын комисс мөнгөний бодлогод тохирох байр суурийг сонгохдоо эдийн засгийн хэтийн төлөв байдалд ирж буй мэдээлэл хэрхэн нөлөөлж байгааг үргэлжлүүлэн ажиглана. Бодлого тодорхойлогчдын зорилгод эрсдэл үүсэх үед мөнгөний бодлогыг зохих ёсоор тохируулахад эдийн засагчид бэлэн байна” гэж холбооны нөөцийн сангаас мэдээлжээ. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ гурав дахь удаагаа өсгөж байгаа бөгөөд 1994 оны 11-р сараас хойш анх удаагаа 75 нэгжээр нэмэгдүүлсэн байна. Бодлогын хүү өсөх нь ам.долларын нийлүүлэлтийг бууруулах бөгөөд ам.долларын бусад валютын эсрэг чангарах нөхцөлийг бүрдүүлдэг байна. АНУ-ын бодлогын хүү 1971-2015 онд дунджаар 5.6 хувь байсан бөгөөд 1980 онд хамгийн өндөр түвшинд буюу 20 хувьд хүрч байжээ. Харин 2008 онд түүхэн дэх хамгийн доод түвшин болох 0.25 хувь болсноос хойш өнөөг хүртэл бага багаар нэмэгдсээр байгаа юм.