Дэлхий даяар 5-17 насны 160 сая гаруй хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна

НҮБ-ын дэргэдэх олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүр хийгддэг дэлхийн улс орнуудын хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх тайланд дэлхий даяар 5-17 насны 160 сая гаруй хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгааг цохон тэмдэглэсэн байна. Харин тэдгээрээс хамгийн их буюу 112 сая нь хөдөө аж ахуйн салбарт  тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгааг онцолжээ.

Судалгааг жил бүр хийдэг бөгөөд энэ жил 2020 онд хийгдсэн судалгааны тайланг танилцуулжээ. Өнгөрсөн 2021 онд цар тахлын улмаас уг судалгаа хийгдээгүй байна. 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 1999 оны 6-р сарын 17-ны өдөр баталсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай“ конвецид хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэдгийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд боолчлолын бүх хэлбэр болон хүүхдийг худалдах, дамжуулан худалдах, өрийн төлөөс, хамжлагын албат болгох, хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх, түүний дотор зэвсэгт мөргөлдөөнд ашиглах зорилгоор албадан оролцуулах зэрэг боолчлолтой төстэй үйл ажиллагааг хэлнэ гэжээ.

Мөн хүүхдийг биеэ үнэлэх, садар самуун сурталчилгааны үйлдвэрлэл буюу садар самуун үзүүлбэрт ашиглах, зуучлах, бусдад санал болгох, олон улсын холбогдох гэрээнд тодорхойлсноор хүүхдийг мансууруулах бодис үйлдвэрлэх, хил дамжуулан худалдах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, цаашилбал ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлж байгаа нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр хэмээн тодорхойлсон байна. 

“Ковид-19”-ийн халдвар, зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон зүйлээс шалтгаалж сүүлийн жилүүдэд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байгааг судлаачид анхааруулжээ. Тиймээс яаралтай арга хэмжээ авахгүй бол ирээдүйд олон сая хүүхдийн бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндэд маш ноцтойгоор сөргөөр нөлөөлнө гэдгийг мэдэгдсэн байна. Энэхүү эмгэнэлт үзэгдэл нь мөн хүний эрх зөрчигдөж байгааг илэрхийлж байна гэдгийг НҮБ-аас гаргасан судалгаанд өгүүлжээ. Тухайлбал хүүхдүүдийн боловсрол эзэмших, эрүүл аюулгүй орчинд амьдрах, арьсны өнгө, шашин шүтлэг зэргээр ялгаварлан гадуурхагдахгүй байх зэрэг эдлэх ёстой эрхийг хангаж чадахгүй байгааг илтгэж байгаа юм. 

Бүс нутгаар нь авч үзвэл Африк болон Ази-Номхон далайн бүс нутагт 80 орчим сая хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа бол жил бүр уг шалтгааны улмаас 20 мянга гаруй хүүхэд амиа алддаг хэмээн дээрх тайланд дурдсан байна.