Шүүхийн шинжилгээний тухай хуульд сэтгэл санааны хохирлыг нөхөн барагдуулах тухай тусгажээ. Өнөөдрийн байдлаар Монгол хүний амь нас автомашинаас ч хямд байгаа бөгөөд шинэчилсэн хуулиар амь нас нь хохирсон хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх хэмжээгээр үнэлж байгаа юм байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл санаа байнгын айдас түгшүүрт автаж, сэтгэл гутралд өртөх, нийгмийн амьдралд оролцох зан төлөвт нь сөргөөр нөлөөлөх гэх мэт олон үр дагавар үүсэх магадлал өндөр байдаг. Өнөөдрийн байдлаар сэтгэл санааны гэм хорын хохирлыг нөхөн төлүүлж байгаа практик хангалтгүй, хүүхэд бэлгийн гэмт хэргийн хохирогч болсон хэрэг дээр гэм буруутай этгээдэд эрүүгийн журмаар шийтгэл ногдуулахаас гадна сэтгэл санааны хохирлыг тодорхойлж, шийдүүлж байсан хэрэг маш цөөхөн байгаа юм. Энэ тохиолдолд өмгөөлөгч нар нь олон жилийн турш тууштай хөөцөлдсөний эцэст сэтгэл санааны хохирлыг үнэлүүлж, 10 хүртэл сая төгрөгийн нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлүүлсэн ч хэрэгжилт хангалтгүй байдаг.
Бусад улсын туршлагаас үзэхэд хохирогчийн сэтгэл санааг нөхөн сэргээгдэх хугацааг эхлээд тодорхойлсны дараа тогтмол хугацаанд эмчийн хяналт тавьж, ажигладаг. Хүний биед учирсан гэмтэл эдгэрэх нь нүдэнд ил байдаг, харин сэтгэл зүйд учирсан цочрол эдгэрч, хэвийн байдалд орох эсэх нь тухайн тохиолдол бүрээс хамаарч харилцан адилгүй байгаа юм. Хамгийн гол нь сэтгэл санааны хохирлыг тогтоох, нөхөн барагдуулах төлбөрийг тодорхой тогтоож өгөх нь чухал гэж байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлд хүний нэр, төр, алдар хүндэд халдаж, хохироосон бол сэтгэл санаанд учирсан хохирлыг барагдуулна гэж тусгасан байдаг. Мөн гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцож үнэлнэ гэж хуульд тодорхой заагаагүй улмаас учраас шүүхээс асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл үүсдэг байна. Шинэ хуульд гүтгүүлсний улмаас учирч байгаа сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорыг арилгах тухай асуудлын зохицуулалтыг нь илүү боловсронгуй болгож, өргөжүүлж өгөх юм. Мөн хууль хоорондын уялдаагүй зөрчилтэй байдлыг засаж, хууль эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаа юм байна.