ОХУ-ын эрх баригчид Калининград чиглэлийн транзит тээврийг нь зогсоосон Литва улсыг сүрдүүлжээ

ОХУ-ын нутаг дэвсгэрээс хуурай газраар тусгаарлагдсан бүс нутаг болох Калининград чиглэлийн ачаа тээврийг Литва улс даваа гаргаас эхлэн нутаг дэвсгэрээрээ дамжуулахыг зогсоосон  юм. Үүнтэй холбогдуулан Москва уг шийдвэрийн  хариуд  Литва улсад хатуу хариу арга хэмжээ авахаа дараалан мэдэгджээ. 

Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев Литва улсыг сүрдүүлжээ. “Орос улс ийм дайсагнасан үйлдэлд хариу арга хэмжээ авах нь тодорхой. Тохирох хариу арга хэмжээг яам хоорондын шугамаар боловсруулж байна. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно. Үр дагавар нь Литвийн хүн амд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ” хэмээн ярьсныг Риа Новости агентлаг мэдээлсэн байна. Балтийн тэнгисийн эрэгт оршдог Калининград мужтай харилцахдаа ОХУ-ын бусад бүс нутгууд заавал Литва улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх хэрэгтэй болдог. Тэнгисийн тээвэр боломжтой ч Литвийн нутгаар дамжсан төмөр замын тээвэр нийт ачаа эргэлтийн тал орчим хувийг эзэлдэг байна.

Оросын сүрдүүлгийн хариуд Литва улсын Ерөнхий сайд ийнхүү хариулжээ. Тухайлбал “Олон улсын гэрээ бүрийг зөрчсөн байх магадлалтай улс хууль дүрэм сахихыг бусдаас шаардах нь инээдтэй хэрэг. Бид Калининградыг хааж боогоогүй. Зөвхөн Европын холбооны хоригийг хэрэгжүүлсэн”  хэмээжээ.

1945 онд Зөвлөлтийн улаан арми Калинанград мужийг Нацист Германаас булаан эзэлж, дайны дараа өөртөө нэгтгэж байжээ. Калининград нь НАТО болон Европын холбооны гишүүн польш, Литва улсуудын дунд орших хагас сая орчим хүн амтай муж юм.