Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 300.000 төгрөгөөр илүү байна

2022 оны 1-р улирлын байдлаар манай улсад ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын дундаж цалин 1 сая 667 мянган төгрөг байна. Тэгвэл дундаж цалин авагсдыг хүйсээр нь авч үзвэл эрэгтэйчүүд 1 сая 600 төгрөг байна.  

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 46.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 717.7 мянган ажиллагч  хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар, өмнөх улирлаас 1.2 хувиар өсжээ. Харин ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 35.700-аар өссөн бол өмнөх улирлаас 2000-аар буурчээ. Тэгвэл дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 1.6 сая, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.

2022 оны эхний улирлын байдлаар дундаж нэрлэсэн цалин 2015 онтой харьцуулахад 67 хувиар нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 13 хувиар нэмэгджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны эхний улирлын тайланд хамрагдсан 717.7 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1 сая төгрөг байна. Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120.900 төгрөгөөр өсжээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны 1-р улирлын байдлаар 1450.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.200 төгрөгөөр нэмэгджээ.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалин харилцан адилгүй байдаг нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг байна. Эдгээрийн нэг нь эрэгтэйчүүд ажлын талбарт тогтвортой ажилладаг бол эмэгтэйчүүд хүүхэд гаргах, өсгөх, асрах зэрэг шалтгаанаар ажлын талбараас түр хугацаагаар холддог байна. Энэ мэт шалтгаанаас эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалин хөлс харилцан адилгүй байгаа юм.