“Их-7”-ийн орнууд Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай өрсөлдөхүйц 600 тэрбум ам.долларын төсөвтэй дэд бүтцийн сан байгуулна 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт Германд эхэлсэн Их долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ “Их долоогийн бүлгийн орнууд дэлхийн ядуу, буурай орнуудын дэд бүтцийг санхүүжүүлэхэд зориулж 600 орчим тэрбум ам.доллар босгоно” хэмээн мэдэгджээ. Уг төлөвлөгөө нь БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг сөрөх зорилготой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

"Их-7" бүлгийн удирдагчид хөгжиж буй орнуудад шаардлагатай дэд бүтцийг санхүүжүүлэх болон Хятадын "Бүс ба Зам" санаачилгатай өрсөлдөхүйц 600 тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор тохиролцжээ. Мөн “Бүс ба Зам” санаачилгаас ялгаатай нь энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийг голчлон хувийн хөрөнгө оруулагчдаас босгох юм байна. Санхүүжилтийг буцалтгүй тусламж, холбооны сан, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар босгоно хэмээн Цагаан ордны тэргүүн мэдэгджээ. 

Олон талт хөгжлийн банкнууд, хөгжлийн санхүүгийн байгууллагууд, төрийн баялгийн сан болон бусад сангуудаас хэдэн зуун тэрбумын нэмэлт санхүүжилт орж ирнэ хэмээн тооцоолж байгаа юм байна. Өнгөрсөн оны 6-р сард Их долоогийн бүлгийн орнуудын удирдагчид “Илүү сайн ертөнцийг бүтээцгээе” дэд бүтцийн санаачилгыг дэвшүүлж байсан бол “Дэлхийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын түншлэл” хэмээн нэрийг нь өөрчлөн уг төслийг албан ёсоор эхлүүлжээ. "Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрүүл мэнд, жендерийн тэгш байдал, дижитал дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн бага, дунд орлоготой орнуудын төслүүдийг дэмжихийн тулд АНУ таван жилийн хугацаанд 200 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж гаргана" гэж Жо Байден уулзалтын үеэр цохон тэмдэглэсэн байна. 

“Бүс ба Зам” санаачилгыг 2013 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин санаачилсан. Уг санаачилгын хүрээнд 100 гаруй улс оронд бүтээн байгуулалт, хөтөлбөрүүд хэрэгжсэн байна. "Бүс ба Зам" санаачилга нь Ази тивээс Европ хүртэлх эртний торгоны замын орчин үеийн хувилбарыг бий болгох зорилготой санаачилга юм. Энэ санаачилгын тогтвортой хувилбарыг бий болгохын тулд Европ 300 тэрбум еврогийн санхүүжилтийг мөн хугацаанд төвлөрүүлнэ гэж Европын комиссын дарга Урсула Фон Дер Лейен мэдэгджээ. Итали, Канад, Японы удирдагчид ч мөн өөрсдийн төлөвлөгөөнийхөө талаар санал солилцжээ.