Хил гаалийн асуудалтай холбоотойгоор ирэх саруудад ч мөн үнийн өсөлт хэвээр байх төлөвтэй байна

Дэлхийн банкнаас танилцуулсан “Монголын эдийн засгийн тойм”-д  хүнс, шатахуун, хатуу түлш болон импортын барааны үнийн өсөлт инфляцад голлон нөлөөлж байгааг онцолсон байна. Энэ оны 5-р сард манай улсын инфляц 15.1 хувь хүртлээ өссөн. Үүнд хүнсний бүлгийн өсөлт 35.1 хувиар нөлөөлжээ.

Хил гаалийн асуудалтай холбоотойгоор ирэх саруудад ч мөн үнийн өсөлт хэвээр байх төлөвтэй байна. Энэ оны 6-р сарын 20-ны өдрийн байдлаар нийслэл хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.8 хувиар өссөн байна. Хүнсний ногоо тэр тундаа төмс 6.13-ны өдрийн байдлаар 2334 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол 6.20-ны өдрийн байдлаар 2511 төгрөг болж 7.6 хувиар өсжээ.

Худалдаа эрхлэгчдийн зүгээс борлуулалт муу байгааг хэллээ. Тухайлбал, саяхан гарсан махны асуудлаас үүдэж иргэдийн зүгээс мах худалдан авах нь багассан, махны эрүүл ахуйн талаар  байнга асууж эргэлздэг болсон гэж хэлж байна. 

Тэгвэл ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2015 оноос 67.0 хувь нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин ердөө 13.4 хувиар нэмэгджээ. 

Мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо гэх мэт хүний анхдагч хэрэгцээ болсон хүнсний үнийн өсөлт ийнхүү иргэдийн амьдралд томоохон ачаа үрүүлсээр байна. Энэ нөхцөл байдал цаашид хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна.