АНУ-ын эрх баригчид Оросын зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлжээ

ОХУ-тай худалдааны хэвийн харилцаагаа түр зогсоосонтой холбоотойгоор АНУ-ын засаг захиргаа тус улсын импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг 35 хувь хүртэл нэмсэн тухай цагаан ордноос мэдээлжээ. Холбогдох баримт бичигт АНУ-ын ерөнхийлөгч жо Байден даваа гарагт гарын үсэг зурсан байна. 

АНУ-ын конгресс ОХУ-ын худалдааны хамгийн тааламжтай нөхцөлд оролцогч орны статусыг хассан тул ерөнхийлөгч Жо Байден "Оросоос импортлохыг одоогоор хориглоогүй байгаа зарим бараа бүтээгдэхүүний татварын хэмжээг 35 хувьд хүргэж нэмэгдүүлэх нь үндэслэлтэй бөгөөд АНУ-ын гадаад бодлогын ашиг сонирхолд нийцнэ гэж үзлээ" хэмээн баримт бичигт тэмдэглэжээ. Цагаан ордон татварыг нь нэмсэн бараа бүтээгдэхүүний жагсаалт бүхий баримт бичгийн хавсралтыг одоогоор нийтлээгүй байна. 

АНУ ОХУ-аас 2.3 тэрбум ам.долларын үнэ бүхий 570 гаруй нэр төрлийн барааны гаалийн татварыг нэмэгдүүлнэ гэж Цагаан ордноос өмнө нь мэдээлж байсан юм. ОХУ, Беларусь улстай худалдааны хэвийн харилцааг зогсоох, мөн Украины байдалтай холбогдуулан ОХУ-аас эрчим хүчний эх үүсвэр импортлохыг хориглох тухай конгрессоос баталсан хуулийн төслүүдэд Жо Байден 4-р сарын 8-нд гарын үсэг зуржээ. Худалдааны хэвийн харилцааг түр зогсоосноор Орос, Беларусийн импорт Америкийн зах зээл дээрх хамгийн таатай нөхцөлөөс хасагдаж, Америкийн засаг захиргаа Орос, Беларусийн бараа бүтээгдэхүүнд дэлхийн худалдааны байгууллагын бусад гишүүн орнуудаас илүү өндөр татвар тогтоох эрхтэй болдог байна. Эдгээр арга хэмжээ 2024 оны 1-р сарын 1 хүртэл хэрэгжих юм байна. 

Үүний зэрэгцээ, өмнө нь нийтэлсэн тайлбар баримт бичигт тэмдэглэснээр, "Хэрэв эдгээр улс орон Украины эсрэг түрэмгийллээ зогсоовол, түүнчлэн бусад тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд АНУ-ын ерөнхийлөгч Орос, Беларусьтай худалдааны хэвийн харилцаагаа сэргээх боломжтой" юм байна. Дээрх жагсаалтад Орос, Беларусиас гадна БНАСАУ, Куба улс багтдаг байна. 

ОХУ-ын эрх баригчид Монгол улсын экспортын бараа бүтээгдэхүүнд 25-35 хувийн татварыг ногдуулдаг бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэг л удаа татварын хөнгөлөлт үзүүлж байжээ.