Монгол улсын нийт хүн амын 47 хувь нь Улаанбаатар хотод төвлөрөн амьдарч байна

Дотоодын шилжигсдийн олонх нь Улаанбаатар хотод суурьшдагаас хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байна. Тэгвэл судалгаагаар Улаанбаатар хотод 2021 онд албан ёсоор бүртгэлээ хийлгэн шилжин ирсэн 25695 иргэн байна. 

  • Үндэсний статистикийн xорооны тоон мэдээллээр сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 43478 иргэн Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг, тэр дундаа аймгийн төв рүү албан ёсоор шилжсэн байна.
  • 2021 онд хөдөө орон нутгаас хот суурин газрыг зорьсон иргэдийн 37 хувь нь хангайн бүсээс ирсэн бол 21.3 хувь нь төвийн бүсээс иржээ. Харин зүүн бүсээс шилжин ирсэн иргэд хамгийн бага хувийг эзэлж байна.
  • Шилжин ирэгсдийн 60 хувь нь эдийн засгийн шалтгаан, ялангуяа ажил хөдөлмөр эрхлэхээр, амьжиргаагаа дээшлүүлэхээр иржээ. Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой шалтгааны улмаас хотод шилжин ирсэн иргэд бүртгэлгүй шилжигчдийн дунд өндөр хувийг эзэлж байна.

Шилжин ирэгсдийн бараг 20 хувь нь боловсролтой холбоотой, зургаан хувь нь хүүхдийнхээ ирээдүйн төлөө, таван хувь нь гэр бүлийн шалтгааны улмаас хотод шилжин ирсэн гэжээ. Хотын гэр хороололд амьдардаг өрхүүдийн хувьд дийлэнх нь орон нутгаас шилжин суурьшигчид байгаа юм байна. Харин хот суурин газраас хөдөө орон нутгийг зорьсон иргэд харьцангуй бага байгаа боловч орон нутгаас хот суурин газрыг зорьдог иргэдтэй харьцуулбал амьдралын чанар сайн байна гэлээ. 

Тэгвэл нийслэлээс хөдөө орон нутгийг зорьсон залуусын төлөөлөл хөдөө орон нутагт илүү боломж харагдаж байгааг хэлж байсан юм.

Тухайн иргэд хотод шилжин ирэхээсээ өмнө амьдарч байсан газрын байршлыг харахад тэн хагас нь аймгийн төвд амьдарч байсан бол ердөө наймхан хувь нь сумын төвд амьдардаг байжээ. Үлдсэн 44 хувь нь алслагдмал хөдөө нутагт амьдарч байжээ. 

Манай улсын хувьд 2000 оны эхэн үеэс эрчимжсэн хот суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөний дүнд нийт хүн амын 47 хувь нь нийслэл Улаанбаатар хотод төвлөрөн амьдарч, нийгэм эдийн засгийн болон экологийн олон тулгамдсан асуудлуудыг бий болгож байна. Иймд иргэдийг орон нутагт хүссэн ажлаа хийн, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломж бүрдүүлэх нь чухал юм.