НАТО-ийн эвсэл ОХУ-ын “Стратегийн түнш” статусыг “Гол аюул занал” ангилалд шилжүүлжээ

Испанийн нийслэл Мадрид хотод НАТО-ийн дээд хэмжээний чуулган үргэлжилж байна. Чуулганыг зохион байгуулагч Испани улсын Ерөнхий сайд Педро Санчез болон тус эвслийн тэргүүн Йенс Столтенберг нар стратегийн шинэ үзэл баримтлалдаа Орос улсыг одоогийн “Стратегийн түнш”ангиллаас “Гол аюул занал” ангилалд шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлжээ.

НАТО нь хамгийн сүүлд 2010 онд стратегийн үзэл баримтлалаа шинэчилж байжээ. Уг баримт бичигт ОХУ-ыг тус эвслийн “Евро-Атлантын түнш”-үүдийн нэг гэж тодорхойлсон байдаг. Энэ нь “НАТО-Оросын хамтын ажиллагаа нь энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдлын нийтлэг орон зайг бий болгоход стратегийн чухал ач холбогдолтой” гэж тодорхойлсон байна. Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг “бид Орос улсыг өөрийнхөө аюулгүй байдалд шууд дайсагнаж байгааг үзэл баримтлалдаа тодорхой илэрхийлэх болно” гэж хэлсэн байна. Тэрбээр цааш нь “Одоо тус улсыг стратегийн түнш гэж үзэх боломжгүй. Учир нь Евро-Атлантын бүс нутагт одоо энх тайван байдал алдагдаж, дайн өрнөж байна” гэж хэлжээ. 2014 онд Крымийн хойгийг нэгтгэснээс хойш ОХУ-тай хамтын ажиллагаа нь үндсэндээ зогсож, түншлэлээ үргэлжлүүлэхэд хэцүү болсныг 2020 онд гаргасан мэдэгдэлдээ НАТО дурдаж байсан юм. Мадрид хотод үргэлжилж буй НАТО-гийн дээд хэмжээний чуулган өнөөдөр буюу пүрэв гарагт өндөрлөнө.