Сүүлийн 2 сарын хугацаанд мориноос унаж гэмтэж бэртсэн 13 тохиолдол бүтгэгдсэнээс 8 хүүхэд нас баржээ

Жил бүрийн наадмаар хурдан морь унаач хүүхдийн амь эрсдэх, бэртэж гэмтэх тохиолдол гарсаар байдаг. Мэдээж үүнд олон шалтгаан байгаагийн нэг нь хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэл бүрэн бүтэн байдаггүйтэй холбоотой юм. Угтаа бол уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, стандарт шаардлагыг хангасан хамгаалалтын хувцсыг иж бүрнээр нь өмсгөж уралдаанд оролцуулах ёстой байдаг ч ялангуяа бүртгэлгүй, зөвшөөрөлгүй уралдаанд хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэглэлгүйгээр уралдаж байгаа нь ихээхэн эрсдэл дагуулдаг байна. 

Стандартаараа өвдгөвч, тохойвч нь хөнгөн чанартай материалаар хийгдсэн байх ёстой. Өвдөг, тохойны үенд таарах хэсэг нь тусгайлсан хатуулгатай, дотор болон бусад хэсэг нь зөөлөвчтэй байна. Харин малгай нь морин уралдааны спортын зориулалттай, учирч болох гэмтлээс сэргийлэх, үйлдвэрлэгчээс гаргасан холбогдох бичиг баримттай малгайг хэрэглэнэ гэж заажээ. Үүнээс гадна хантааз, нүдний шил, гутал зэрэг хамгаалалтын хувцасны олон шаардлагыг нарийн мөрдөх хэрэгтэй байдаг. 

Бүртгэлтэй уралдаанд хүүхдийн эрсдэл арай бага байдаг бол бүртгэлгүй уралдаанд хүүхэд хамгаалалтын хувцас хэрэглэлгүй хурдан морь унуулах тохиолдол олон эрсдэлийг бий болгож байгааг албаныхан онцолж байна. Тухайлбал, сүүлийн хоёр сард цагдаагийн байгууллагад хүүхэд мориноос унасан, бэртсэн, чирэгдсэн гэх 13 тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрээс найман хүүхэд нас барсан бол таван хүүхэд нь нь биедээ хүнд гэмтэл авч, эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байна.   

Баяр наадмын үйл ажиллагаа сүүлийн 2-3 жил цар тахлын улмаас зохион байгуулагдаагүйтэй холбоотойгоор одоогоор таван бүсэд хурдан морины бүсийн уралдаан зохион байгуулагдахаар болжээ. Мөн хурдан морины уралдаанд оролцох морьдын тоо ч нэмэгдсэн гэх мэдээлэл байна.