Суурь металлын үнийн уналт 2008 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлтэд хүрэхэд ойрхон байна

2022 оны хоёрдугаар улиралд суурь металлуудын үнийн уналт 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн тааруу үзүүлэлтэд хүрч магадгүй байна. Учир нь Хятадын эдийн засаг аажмаар сэргэж байгаа ч дэлхийн бусад улс оронд засгийн хямрал үүснэ гэсэн айдас улам бүр нэмэгдсээр байгаа нь нөлөөлж буйг “Блүүмберг” агентлаг онцолжээ.

Лондоны өнгөт металлын бирж дээр арилжаалагддаг металлуудын индекс 3-р сарын сүүлчээс 23 хувиар унажээ. Цагаан тугалганы индекс хамгийн огцом унасан бөгөөд үнэ нь 38 хувиар буурсан байна. Хөнгөн цагааны үнэ гуравны нэг орчим хувиар, зэс 20 хувиар буурчээ. Пүрэв гарагт цайрын гэрээний үнийн санал 1.3 хувиар, зэс, цагаан тугалга 1 хувиар тус тус буурсан байна.  

Хэдийгээр Хятадын аж үйлдвэрийн салбар энэ сард 2-р сараас хойш анх удаа идэвхэжсэн боловч өсөлт удаашралтай байна. Үүний зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн зах зээл сул хэвээр байгаа нь металлын эрэлтэд дарамт үзүүлсээр байна. Хятад улс “Тэг Ковид” бодлогоо цуцлаагүй байгаа бөгөөд энэ нь өвчлөл нэмэгдсэн тохиолдолд ямар ч үед хязгаарлалт, хөл хорио тогтооно гэсэн үг юм. 

АНУ-д, магадгүй дэлхий даяар эдийн засаг унах аюул нүүрлэсээр байгаа гэж шинжээчид тэмдэглэж байна. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл болон тус улсын Төв банкны бусад удирдлагууд Европын төв банкны жил тутмын чуулга уулзалтын үеэр дэлхий нийт инфляцын үлэмж өндөр горимд шилжиж байгааг анхааруулжээ. Наад зах нь томоохон эдийн засагтай орнуудын эдийн засгийн өсөлт удааширч байгаа бөгөөд энэ нь металлын эрэлтийн ихээхэн хувийг эзэлдэг барилгын салбарт сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Он гарснаас хойш ОУ-ын хөрөнгийн биржүүдийн нийт индекс 12 хувиар буурчээ.