ОХУ-ын эрх баригчид Украины Могойн арлаас цэргээ татах шийдвэр гаргажээ

ОХУ Украинд  үр тариа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлоход саад учруулаагүй гэдгээ харуулахын тулд Могойн арлаас цэргүүдээ татлаа гэж тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков пүрэв гарагт мэдэгджээ. Конашенков хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, "ОХУ-ын Зэвсэгт хүчин ажлаа амжилттай гүйцэтгэлээ, тэнд байрлаж байсан цэргийн анги, нэгтгэлийг 6-р сарын 30-нд татан авлаа" хэмээн мэдэгджээ.

Харин Украины тал “Их буу, пуужингийн томоохон довтолгооны үр дүнд оросын хүчийг ухраасан” гэж тайлбарлажээ. “Могойн арал дээр Оросын ганц ч цэрэг үлдсэнгүй. Манай зэвсэгт хүчин ажлаа сайн гүйцэтгэлээ” гэж Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Андрей Ермак мэдэгдсэн байна. 

Украины эрх баригчид агаараас авсан могойн арлын гэрэл зургийг цахим сүлжээнд нийтэлжээ. Арал дээр пуужингийн цохилтын улмаас таван ширхэг утаан багана үүссэнийг уг зураг харуулсан байна.

Энэхүү үйл явдлыг Их Британийн Ерөнхий Сайд Борис Жонсон Украины армийн  чадварлаг тулалдааны баталгаа гэж мэдэгджээ. “Украинчууд ямар ч бэрхшээлийг даван туулж, Оросын түрэмгийллийг няцаах чадвартайг батлахыг хүсэж байвал өнөөдөр Могойн арал дээр юу болсныг хараарай” гэж Мадрид хотод болж буй НАТО-гийн дээд хэмжээний чуулганы үеэр тэрбээр хэлсэн байна.

Тэгвэл өрнөдийн мэргэжилтнүүд “Чухамхүү АНУ-аас тусламжаар авсан Himars алсын тусгалын пуужингийн систем нь Оросын талыг Могойн арлыг хамгаалах боломжгүй болгосон” гэж дүгнэж байна. Himars системийг хүлээж авснаар Украины зэвсэгт хүчин эх газраас Могойн аралд цохилт өгөх боломжтой болсон юм.