Эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан 219.577 иргэнээс 13.361 иргэнийг эмчийн хяналтад авчээ

Улсын хэмжээнд тавдугаар сарын 1-ээс эхлэн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо явагдаж байгаа. Эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд одоогийн байдлаар 219.577 иргэн хамрагдаад байгаагаас 13.361 иргэнийг эмчийн хяналтад авсан байна. Эрт илрүүлэг, үзлэг оношилгооны явц одоогоор 20 хувьтай байна. 

Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 45.8 хувь нь эрэгтэй, 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Эрт илрүүлэг, үзлэг оношилгоогоор 1119 оношоор өвчлөл илрүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 3335 иргэний өвчнийг оношилсон байна. Мөн энэ явцад нийт 25.118 иргэнд зөвлөгөө өгч дараагийн товлосон үзлэгтээ хамрагдахыг зөвлөж буцаасан бол 13.361 иргэнийг эмчийн хяналтад авсан байна. Харин ойрын өдрүүдэд баяр наадам болоод амралт эхэлж байгаа тул иргэд товлосон үзлэгтээ ирэхгүй байх зэрэг асуудлууд гарч байгаа гэлээ. Иргэдийг товлосон цагтаа амжиж ирэхгүй бол албан ёсоор мэдээлж товлосон цагаа өөрчлөхийг хүслээ.

Эрт илрүүлэг, үзлэг оношилгоотой холбоотойгоор иргэд мэдэхгүй байсан өвчнөө оношлуулж, өөрийн эрүүл мэндээ хамгаалах учиртай. Гэвч зарим иргэд бүрэн шинжилгээндээ хамрагдахгүй орхиж, хариуцлагагүй байгаагаас үүдэн эмнэлгүүдэд төсөв орохгүй байх тохиолдол гардаг тул иргэд хариуцлагатайгаар шинжилгээндээ хамрагдах хэрэгтэй байна.

Одоогийн байдлаар эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн дунд гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу бидний нэрлэдгээр хоолойн махны үрэвслийн өвчлөл их байна. Харин насанд хүрэгчдийн хувьд анхдагч даралт ихсэлт, болон зүрхний шимт өвчнүүд их байна. Иймд иргэн бүр эрт илрүүлэг, үзлэгтээ хамрагдах шаардлагатай байгаа юм. Харин иргэн та Эрүүл мэндийн даатгалын төлөлтөө ямар нэгэн шалтгаанаар төлөөгүй байгаа бол нөхөн төлснөөр эрт илрүүлэх шинжилгээндээ цаг тухайд нь хамрагдах юм байна.