Монгол улс ХАА-н салбарын нөхцөл байдал, бодлогыг тодорхойлохоор хоёр дахь удаагаа судалгаа эхлүүлжээ

Манай улс Хөдөө аж ахуйн анхдугаар тооллогыг 2012 онд хийж байжээ. Харин хоёр дахь тооллогыг энэ онд хийж байна. Хөдөө аж ахуйн тооллого нь хүн ам, орон сууцны тооллогын дараа ордог зайлшгүй зохион байгуулах шаардлагатай чухал тооллого бөгөөд энэ удаа мэдээллийг цахимаар цуглуулж байна. Энэ нь тооллогод зарцуулагддаг төсөв мөнгийг тавин хувиар хэмнэх боломжтой гэж үзэж байна. 

Энэ удаагийн тооллого тавдугаар сарын 21-нд албан ёсоор эхэлж, долоодугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Тооллогод газар тариалан, ойн аж ахуй, ан агнуур, загас барилгын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд бүгд, харин малтай өрхийн 30 хувь нь хамрагдах бөгөөд нийт 99 мянган өрх, аж ахуй нэгж байгууллага хамрагдах юм. Ингэснээр мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, ан агнуур, загас зэрэг салбарын бүтцэд гарч буй өөрчлөлтийг тооцон, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн төрийн бодлогын хэрэгжилтийг дүгнэх болон цаашид хэрэгжүүлэх бодлогод шаардагдах мэдээллийг цуглуулах юм. 

Статистик мэдээлэл чанартай сайн байх нь иргэдэд, аж ахуй нэгж байгууллагуудад, төрийн бодлого хэрэгжүүлэгчдэд болон судлаачдад хамгийн чухал байдаг. Хөдөө аж ахуйн эдгээр бүх мэдээлэл дэлхийн 150 улстай харьцуулагдаж, манай улс тухайн асуудлаар дэлхийд ямар түвшинд  явж байгаагаа харах боломжтой болох юм.  Энэ удаад хөдөө аж ахуйн тооллогын мэдээлэл цуглуулалтад таблет ашиглан 100 хувь цахим хэлбэрээр явж байна. Ингэснээр төсвийг хэмнэх боломж бүрдэж байгаа гэлээ.  

Хөдөө аж ахуйн  тооллогыг энэ онд албан ёсоор хийж гүйцэтгэж харин мэдээ мэдээллийг ирэх онд багтаан боловсруулж тархаах юм байна. Иймд хөдөө аж ахуйн салбарын иргэн бүр хариуцлагатай уг тооллогод хамрагдах шаардлагатай байгаа юм.