ОХУ-ын зэвсэгт хүчин Луганск мужийн Лисичанск хотыг эзэлжээ

Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Оросын зэвсэгт хүчин Луганск мужийн стратегийн ач холбогдол бүхий Лисичанск хотыг бүрэн хяналтдаа оруулсныг зарлажээ. Үүнтэй зэрэгцэн Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас Лисичанск дахь тулаан дууссаны дараа хийсэн мэдэгдэлдээ Украины цэргүүд тус хот дахь байрлал, хамгаалалтын шугамаас ухрахаас өөр аргагүйд хүрснийг мэдэгдсэн байна. 

Украины тал “Цэргүүдийнхээ амь насыг хамгаалах үүднээс ухрах шийдвэр гаргасан” гэж тайлбарлажээ. Оросын арми их буу, нисэх онгоц, хүн хүчний тоогоор давамгайлж байгааг ч бас мэдээлсэн байна. 

Лисичанскийг эзэлснийхээ дараа Оросын арми Донецк мужийн Словянск хот руу галлаж эхэлжээ. Долоо хоног гаруйн өмнө Оросын тал Луганскийн Северодонецк хотыг эзэлсэн юм. Лисичанск, Северодонецк хотууд нь Северский Донец голын хоёр эрэгт байрладаг байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Цэргийн тусгай ажиллагаа”-ныхаа зорилгыг Донбассын бүс нутгийг чөлөөлөх явдал хэмээн тодорхойлж байгаа. Донбасс нь Донецк, Луганск мужуудаас бүрддэг аж үйлдвэрийн бүс нутаг юм. Одоогоор Луганск муж Оросын цэргийн хяналтад бүрэн ороод байгаа бол Донецк мужийн тал хэсэг нь Украины хяналтад байна.

Үүнээс гадна өнгөрсөн ням гарагт Украины хилээс 40 км зайтай Белгород хот зөвлөлтийн үеийн гурван ширхэг Точка-У пуужингийн цохилтод өртсөн байна. Пуужингуудыг байндаа хүрэхээс өмнө устгасан ч хэлтэрхий нь орон сууцны барилгын дээр унаснаас дөрвөн хүний амь үрэгдсэнийг хотын захиргаанаас мэдээлжээ. Пуужингуудыг Украинаас харвасан гэж Оросын тал дүгнэсэн бол үүнийг Оросуудын зориуд зохион байгуулсан өдөөн хатгалга гэж Украины тал тайлбарлаж байна.

Мөн Туркийн гаалийн алба үр тариа тээвэрлэж явсан Оросын ачааны хөлөг онгоцыг Истанбулын боомтод саатуулсан тухай Украины Анкара дахь элчин сайд мэдээлжээ. “Жибек Жолы” нэртэй хөлөг онгоц Украинаас олзолсон үр тариаг тээж яваа тул саатуулах хүсэлтийг Украины Ерөнхий Прокурор Туркийн талд гаргасан юм байна.