Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ сэргэлтийн бодлогоор аж үйлдвэржилтийн сэргэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах зорилт тавиад байгаа ч асар их төсөв хөрөнгө шаардлагатай байгаа юм. Тухайлбал, “Монгол Ган Цогцолбор-I” төслийг хэрэгжүүлэхэд 507.3 сая америк долларын хөрөнгө шаардлагатай юм байна.
Эх орны төмрийн хүдрээр эцсийн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангах зорилгоор “Монгол Ган Цогцолбор-I” төслийг хэрэгжүүлэн, жилд 350 мянган тонн ган цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ төмрийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар болсон. Тэгвэл үйлдвэрлэлийг явуулахын тулд жилд 70-квт-ын хүчин чадалтай цахилгааны эх үүсвэр шаардлагатай байна. Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 507.3 сая америк долларын хөрөнгийг гадаадаас авах боломжтой гэж үзэж байна.
Тус цогцолборыг байгуулснаар ган цувимал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээний 50-аас дээш хувийг хангах юм. Энэ нь барилгын салбарын үндсэн материалын үнийг тогтворжуулах, гадаад валютын урсгалыг Монголдоо үлдээх зэрэг эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэлээ.
Мөн хүнд үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэрүүдийн хөгжих гарцыг нээж, эхний ээлжид 1900 орчим ажлын байрыг бий болгосноор хэрэглэгч бус “үйлдвэрлэгч орон” болоход нэн чухал үүрэгтэй. Засгийн газраас цаашид аж үйлдвэрийн салбарын хөгжлийг хязгаарлагч эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдэх, салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах, хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллана гэлээ.