Баяр наадмаар бүх нийтээр 9 хоног амарна. Тэгвэл ээлжийн ажилтай ажилтнууд буюу цэрэг, цагдаагийнхан болон зарим үйлчилгээний байгууллагын ажилтнууд, уул уурхай, эрчим хүчний салбарын ажилчдын хувьд бүх нийтээр амрах өдөр амрахгүйгээр, тухайн өдрийн цалингаа тооцуулж ажилладаг байна. Харин шөнийн ээлжээр буюу үдшийн 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл ажилласан бол тухайн өдрийн цалинг 1.2 дахин нэмэгдүүлж олгодог хуультай юм байна.
Ажилтан жил бүр ээлжийн амралт эдлэх ёстой. Харин ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгоно. Тодруулбал, ажилтны ээлжийн амралтын цалинг өдрийн 1.5 дахин нэмэгдүүлж олгоно. Харин нийтээр амрах өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол нэг өдрийн дундаж цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгоно. Өөрөөр хэлбэл, 800 мянган төгрөгийн цалинтай ажилтан ажлын 21 өдөртэй гэж тооцвол, өдрийн 38 мянган төгрөгийн цалинтай ажилдаг. Хэрэв бүх нийтийн болон ээлжийн амралтыг эдлүүлээгүй тохиолдолд та 76 мянган төгрөгийн нөхөн олговор авна гэсэн үг юм.
Хөдөлмөрийн хуулиар ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа жилдээ ажлын 15 өдөр байна гэж заажээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна. Үүнээс гадна ээлжийн үндсэн амралт дээр нь ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол:
- 6-10 жилд ажлын 3 өдөр;
- 11-15 жилд ажлын 5 өдөр;
- 16-20 жилд ажлын 7 өдөр;
- 21-25 жилд ажлын 9 өдөр;
- 26-31 жилд ажлын 11 өдөр;
- 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна.
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно.
- 6-10 жилд ажлын 5 өдөр
- 11-15 жилд ажлын 7 өдөр;
- 16-20 жилд ажлын 9 өдөр;
- 21-25 жилд ажлын 12 өдөр;
- 26-31 жилд ажлын 15 өдөр;
- 32 түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдрийн нэмэгдэл амралт авна гэж заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулиар нийтээр амрах өдрүүдэд Шинэ жил, Цагаан сар, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Хүүхдийн баяр, Үндэсний их баяр наадам, Их эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, Бүгд найрамдах улс тунхагласан өдрүүд багтдаг.