Манай улсын Засгийн газар нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах чиглэлээр ОХУ, Казахстан, Чех, Турк, Польш, Өмнөд Солонгос, Унгар зэрэг улс орнуудтай гэрээ байгуулжээ. Тиймээс эдгээр орнуудад ажиллаж амьдарч байгаа манай улсын иргэдийн нийгмийн даатгалын асуудал шийдэгдсэн гэж үздэг байна. Харин бусад улсад амьдарч байгаа Монгол иргэдийн нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа юм. Тэд эх орондоо байр сууц худалдан авах, эх орондоо эргэн ирээд тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах зэрэг асуудлууд тэдний хувьд бүрэн шийдэгдэж чадахгүй хэвээр байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын 170.000 иргэн 87 улсад ажиллаж амьдарч байна. Үүнээс дөчин мянган иргэн сурч боловсорч байгаа бол үлдсэн хувь нь ажиллаж хөдөлмөрлөж байгаа юм. Гадаадад амьдарч байгаа иргэдийн нийгмийн даатгалын хамрагдалт, тэдний ирээдүйн нийгмийн баталгааг хангахаар монгол улсын засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд манай улсын зүгээс нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээг зургаан оронтой байгуулжээ. Энэ гэрээний гол ач холбогдол нь тухайн оронд ажиллаж байгаад эх орондоо шилжсэн тохиолдолд Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь иргэнтэй хамт шилжин ирж эрүүл мэндийн болон бусад тэтгэвэр тэтгэмж, зээл тусламжид хамрагдах боломжтой юм.
Харин нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах чиглэлээр гэрээ хийгээгүй бусад 81 оронд амьдарч байгаа манай улсын иргэд тухайн оршин суугаа орныхоо Нийгмийн даатгалд шимтгэл төлж хамрагддаг боловч энэ хугацаа нь гэрээ, хэлэлцээргүй орны хувьд Монгол улсад шимтгэл төлсөн хугацаанд орж тооцогдохгүй. Олон жил гадаад оронд ажиллаж, амьдарч байгаад эх орондоо буцаж ирэхэд Монгол улсынхаа Нийгмийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд Нийгмийн даатгалд нөхөн даатгуулах хууль эрх зүйн зохицуулалтгүй учраас тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэхгүйгээс тухайн иргэн хохирох асуудал амьдралд тохиолддог.
Монгол улсын Засгийн газраас одоогоор үргэлжлүүлэн нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах чиглэлээр гэрээг Швед улстай хийхээр бэлтгэж байна. Гадаад хэргийн яамны мэдээлснээр улс орон бүр өөр өөр хууль эрхзүйн зохицуулалттай байдаг тул бүх улстай хийх боломжгүй гэлээ.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны А/113 дугаар тушаалаар гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэний Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах нөхцөл, гэрээний загварыг баталсан тул гадаадад амьдардаг манай улсын иргэд өөрийнхөө орны Нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулах боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.