Украины сэргээн босголтод 750 тэрбум ам.доллар шаардлагатай

Даваа гарагт Швейцарын Лугано хотноо дайны дараах Украины сэргээн босголтын асуудлаар олон улсын хурал зохион байгуулагджээ. Уг хуралд Украины Засгийн газрын төлөөлөгчид оролцсон бөгөөд Ерөнхийлөгч Володимир Зеленський цахимаар хуралд нэгджээ.

Украины Ерөнхий сайд Денис Шмигалийн мэдээлснээр Оросын эзлэн түрэмгийллийн улмаас тус улс 100 тэрбум ам.долларын дэд бүтцээ сүйтгүүлж, 1200 гаруй сургууль, цэцэрлэг, 200 эмнэлгийн байгууламжаа устгуулжээ. Мөн олон мянган километр урт хийн хоолой, ус, цахилгааны шугам, авто болон төмөр зам устгагдсан буюу эвдэрсэн байна. Дайны дараах сэргээн босголт гурван үе шаттай хэрэгжих бөгөөд нийт зардал нь 750 тэрбум ам.доллар болох тооцоог Шмигаль хуралд оролцогчдод танилцуулжээ.

Сэргээн босголтын эхний үе шат цэвэр ус, цахилгаан эрчим хүчний дэд бүтэц, зам гүүрнүүдийг сэргээх зэрэг хүмүүнлэгийн шуурхай тусламжийн хүрээнд хийгдэх ажлууд байгаа юм байна. 2023-2025 онуудад үргэлжлэх сэргээн босголтын дунд шатны үед сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцуудыг сэргээн босгох бол 2026-2032 онуудад үргэлжлэх 3-р шатанд Украины эдийн засгийг “ногоон”, дижитал болгон шинэчилж, зөвлөлтийн үеийн хуучирсан тогтолцооноос Европын холбооны стандартад бүрэн шилжүүлэхээр төлөвлөжээ. Сэргээн босголтын төлөвлөгөөг боловсруулахад салбар салбарын 2000 гаруй эксперт оролцож, нэг сар хагас орчим хугацааг зарцуулсан байна. Хуралд оролцсон Европын холбооны Гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула Фон Дер Ляйен сэргээн босголтын төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд Украины Засгийн газрын шинэчлэл, ил тод байдал, авлигыг бууруулах амлалт чухал болохыг онцолжээ. Мөн тэрбээр хөрөнгө оруулалт босгох олон эх үүсвэрүүд, түүний дотор хувийн салбарын оролцоо байх боломжтойг энэ үеэр тайлбарласан байна. Украины Засгийн газрын шинэчлэл одоо ч үргэлжилж байгаа бөгөөд дайнаас өмнө хэрэгжсэн дижиталчлал засаглалын төвлөрлийг бууруулах ажлууд Оросын эзлэн түрэмгийллийг тэсвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг Ерөнхий сайд Шмигаль хуралд оролцогчдод мэдээлжээ.