Европын Төв банк сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ өсгөхөөр бэлтгэж байна

Өнгөрсөн 6-р сард Евро бүсийн улс орнуудын инфляц дунджаар 8.6 хувь байсан нь бүсийн хэмжээнд түүхэн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Бараа, үйлчилгээний үнэ ийнхүү өсөхөд түлш шатахууны үнэ 42 хувиар, хүнс, согтууруулах ундаа, тамхины үнэ 9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Үнийн өсөлт Эстонид 22 хувь, Литвад 20 хувь, Латвид 19 хувьд хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Евро бүсийн 19 орны 17-д нь үнийн өсөлт эрчимжжээ. Тиймээс Европын Төв банк сүүлийн 11 жилд анх удаа бодлогын хүүгээ өсгөх магадлал нэмэгдлээ. Тус банкны тэргүүн Кристин Лагард энэ 7-р сард болох уулзалтаараа бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөх дохиог зах зээлд өгсөн тул ирэх 9-р сард үргэлжлүүлэн өсгөх төлөвтэй байна.

Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Холбооны нөөцийн банк, Английн Төв банк, Европын Төв банкны удирдлагууд дэлхий нийтээр үнийн өсөлт олон арван жилийн турш тогтвортой байсны дараа цар тахлаас үүдсэн өндөр инфляцын шинэ эрин үе ирээд буйг анхааруулсан юм. Томоохон эдийн засгуудаас Их Британийн инфляц 5-р сард 9.1 хувьтай байсан нь хамгийн өндөрт тооцогдож байна. Мөн шинжээчид Евро бүсийн улс орнуудад эдийн засгийн хямрал үүсэх эрсдэл бага гэж үзэж байна. Харин Зүүн Азийн бүс нутгийн хөгжиж буй улс, орнууд болон Африкийн бүс нутгийн улс орнуудад санхүүгийн гүн хямрал нүүрлэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Азийг эдийн засгаараа тэргүүлдэг БНСУ, Япон улсуудад хүртэл инфляцийн түвшин сүүлийн 30 гаруй жилийн үзүүлэлтээс давсан нь  бүс нутгийн бусад хөгжиж буй улс орнуудад нөхцөл байдал бүр дордож байгааг харуулж байна гэж эдийн засагчид дүгнэжээ.