Манай улсад 2006 он буюу 16 жилийн өмнөөс ипотекийн зээлийн тухай яригдаж эхэлсэн байдаг. Үүнээс өмнө Монгол улс гэр хорооллыг орон сууцжуулах, хотын хэт төвлөрлийг багасгах, хүн амын амьжиргааг дээшлүүлэх, айл өрхийг орон сууц, тохилог орчноор хангахын тулд “40 мянган айлын орон сууц”, “100 мянган айлын орон сууц” гэх мэт олон хөтөлбөр хэрэгжүүлснээс хамгийн үр өгөөжтэй нь ипотекийн зээлийн хөтөлбөр байжээ. Гэхдээ ипотекийн зээл болоод зээлийг тогтвортой хэрэгжүүлэх систем анхнаасаа гэнэт бий болчхоогүй. Юуны түрүүнд “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль”, “Банкны тухай хууль” гэх мэт хуулиудад өөрчлөлт оруулж, шинэчлэн баталснаар ипотекийн зээлийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Харин хамгийн гол нь энэ зээл тасралтгүй олгогдсоноор гэр хорооллыг орон сууцжуулах ажил тасралтгүй явагдах учиртай гэвч зарим банкны зээлүүд түр царцаад байна гэж иргэд хэлж байна.
Ипотекийн зээл нь бусад зээлийг бодвол урт хугацаатайгаараа онцлог тул арилжааны банкууд дангаараа өөрийн эх үүсвэрээр олгоход олон эрсдэлтэй нүүр тулдаг. Тиймээс зээл олголтыг гацааж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар Монгол улсын үе үеийн Засгийн газар удаан хэлэлцэж, Монгол банкнаас 60 хувийг нь санхүүжүүлэхээр болсон. Гэвч одоогоор Монгол банкны санхүүжилт хэвийн олгогдож байгаа ч арилжааны банкууд зээл түр олгохгүй байна.
2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэний зээлийн төлөлтийг түр царцааж зээл авсан иргэдэд боломж олгосон ч зээл авахаар хүсэлт гаргасан иргэд хүлээлттэй байсаар байна.