Үндэсний их баяр наадмаар сур харваан гурван төрлөөр харваачид цэц мэргэнээ сорино

Сур харваа буюу Монгол сур харваа нь Монголчуудын эрхий мэргэнээ сорин тэмцэлдэх наадмын нэгэн төрөл юм. Сур харваа нь өнөө үеийн Үндэсний их баяр наадмын нэгэн төрөл бөгөөд дотроо буриад сур харваа, халх сур харваа, урианхай сур харваа гэх 3 ангилдаг. Харваачдын хувьд жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулиллаа хийдэг бөгөөд баяр наадамд оролцож байгаа харваачид улсаас гаргасан дүрэм журмын дагуу тэмцээндээ оролцдог байна.

Манай улсад үндэсний харваагаараа хичээллэдэг гурван мянга гаруй иргэн байна. Харваачид Үндэсний их баяр наадамд анх удаа түрүүлбэл Монгол улсын Мэргэн цол,  Үндэсний их баяр наадамд 2 удаа түрүүлбэл Монгол улсын Хошой мэргэн цол Үндэсний их баяр наадамд 3 удаа түрүүлбэл Монгол улсын Гоц мэргэн цол харин 4 удаа түрүүлбэл Монгол улсын Гарамгай мэргэн цол, 5 удаа түрүүлбэл Монгол улс даяар дурсах мэргэн цол, Үндэсний их баяр наадамд 6 удаа түрүүлбэл Монгол улсын Дархан мэргэн цолыг олгодог байна. Харваачид улсын хэмжээний тэмцээн уралдаанд  оролцож цол хэргэмээ авдаг байна.

Харин улсын хэмжээний сур харвааны тэмцээнд оролцох иргэд сур харвааны журамд заасны дагуу хувцас хэрэглэлээ базаасан байх шаардлагатай юм байна. Уламжлалт аргаар хийсэн эвэр элэгт шөрмөсөн Монгол нум сумыг хэрэглэх ба  дагалдах хэрэгсэлд эрхийвч, агсуурга, нум сум, хөвч, хоромсого, саадаг, бай, саранпай, хасаа, хана, болцуу, урианхай нум, буриад нум, халх нум, зэрэг багтаж байна.

Монгол үндэсний сурын харваан талбайн үндсэн хэсэг нь зурхай юм. Зурхай нь дөрвөн метр урттай, гурван метр өргөнтэй байдаг. Мөн ар талын шугаман дээр нь сур орж, түүнээс дотогш гурван метрийн зайд өвөр шугамыг татдаг. Эдгээр хувцас хэрэгслийг дүрмийн дагуу бүрдүүлснээр харваач улсынхаа баяр наадамд оролцдог байна.