Амьд хонь дунджаар 200.000 төгрөгөөр борлуулагдаж байна

Үндэсний их баяр наадам эхэлж байгаатай холбогдуулан нийслэлчүүд шинэ ногоо идсэн малын мах худалдан авч, баярын ширээгээ бэлтгэдэг. Энэ жилийн эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор амьд хонины үнэ бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнд мөн өнгөрөгч сард эмээлт дэх махны үйлдвэрүүдийн чанарын асуудал ч нөлөөлжээ. 

Эмээлт зах дээр амьд хонь дунджаар 200.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Дараалал их байгаа учраас хашаа, машины зогсоол зэрэг олдохгүй байгаа талаар хөдөө орон нутгаас ирсэн зарим малчид ярьж байна. Эмээлтийн зарим махны үйлдвэрт махны чанарын асуудал гарсантай холбоотойгоор иргэд амьд мал авах нь түлхүү байна.

Хонио өөрсдөө гаргаж, гэдсийг нь цэвэрлэх нь ажиллагаатай учраас амьд хонио авсан даруйдаа гаргуулж, цэвэрлүүлэх нь илүү хялбар гэдгийг иргэдийн зүгээс хэлж байна. Үнийн хувьд хонь муулуулж, гэдэс дотрыг нь цэвэрлүүлэхэд 20 мянган төгрөгийн ханштай байна.   

Малчид хөдөө орон нутгаас ирж, хонио зарж борлуулахын тулд ойролцоогоор 2-3 өдөр зарцуулдаг байна. Энэ хугацаанд малаа борлуулж амжихгүй бол ченжүүдэд хямдхан бөөндөж өгдөг байна. “Бид ардаа гэр орон, малаа орхиж ирж байгаа. Цаг агаарын аюултай үзэгдэл, байгалийн хүчин зүйлсээс сэргийлэх үүднээс гэрээ олон хоногоор орхиж болохгүй. Эмээлт зах дээр хашаа болон машины зогсоолын талбай муу учир хонио задгай бэлчээрлүүлдэг. Ингэхээр хотод авчирсан хонио хэзээ борлуулж дуусах, тэр хүртэл хаана услах, байрлах гээд маш олон асуудал гардаг” хэмээн орон нутгийн малчид ярьж байна.

Жилээс жилд эмээлт зах дээр нөхцөл байдал ийм байдаг. Малчид цаг хугацаа, хөдөлмөр, зардал болж хонь малаа авчирч борлуулан нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг хангаж байгаа ч тэдэнд дутагдаж буй орчин нөхцөлийг шийдэх цаг болсон гэж хэлж байна.