Удахгүй эхлэх хичээлийн шинэ жилийн нэг онцлог бол 2-6 насны бүх хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах явдал гэж салбарын яамнаас мэдээлсэн. Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн хүртээмжийг 13 мянга орчим хүүхдийн багтаамжаар нэмэгдүүлснээр нийт 141.023 хүүхдийг цэцэрлэгт хүлээн авах хүчин чадалтай болсон. Гэвч цэцэрлэгийн эхний шатны бүртгэлд нэг айлын хоёр хүүхэд хоёр өөр цэцэрлэгт хувиарлагдсан гэх зэргээр зохион байгуулалтын цөөнгүй асуудал гараад байна.
- Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400, нийт 679 цэцэрлэгт 141.023 хүүхэд хамрагдахаар байна. Тэднээс 33.972 нь хоёр настай анхлан суралцагчид байгаа юм.
- 9-р сарын дотор 111.539 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар тооцож байжээ. Энэ сард цахимаар зохион байгуулсан бүртгэлд 111.542 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар хүсэлт гаргасан байна.
- Одоогийн байдлаар Баянгол дүүргийн 3, 24-р хороо, Баянзүрх дүүргийн 13,16,18-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 27,36-р хороо, Хан-Уул дүүргийн 3,15,18,21-р хороо, Сүхбаатар дүүргийн 9,10,13-р хороод цэцэрлэгийн хүртээмжгүй болсон байна. Тиймээс эдгээр хороодод нэмэлтээр цэцэрлэгийн хүртээмжийг бий болгохоор ажиллаж байна.
- Мөн сургуулийн өмнөх боловсролын эхний бүртгэлээр нэг айлын 4952 хүүхдийг өөр өөр цэцэрлэгт хуваарилсан асуудал гарсан байна. Үүнийг цэцэрлэгийн элсэлтийн комисс дээр шийдвэрлэхээр болжээ.
Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, Нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг зориулж байгаа юм байна. Энэ хүрээнд хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг төсвөөс гаргах шийдвэр гаргаад байгаа юм.
Харин 9-р сард цэцэрлэгийн бүртгэлдээ орж хараахан амжаагүй бол 10-р сар 11-р сард хийгдэх бүртгэлд хамрагдах боломжтой гэлээ.
Иргэд цэцэрлэгийн бүртгэлийн талаар barimtedu.mn ээс мэдээлэл авах боломжтой. Мөн энэ жил гурван удаа бүртгэл хийгдэж байгаа тул бичиг баримтийн зөрчилтэй бүх хүүхдийн зөрчлийг арилгахаас гадна бүртгэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн бүртгэл мэдээлэл давхар цэгцэрч байгаа гэлээ.