Нэнси Пелосигийн айлчлалаас хойш анх удаа АНУ-ын сөнөөгч хөлөг онгоцнууд Тайванийн хоолойд хүрчээ

Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Тэнгисийн цэргийн байлдааны сөнөөгч хөлөг онгоцнууд Тайванийн хоолой дахь олон улсын усан замд нэвтэрсэн талаар Пентагоны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Энэ нь АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайванийн аралд гэнэтийн айлчлал хийснээс хойших анхны ийм төрлийн ажиллагаа болж байгаа юм. 

Тайванийн хоолойгоор пуужин харвагч хөлгүүдийг нэвтрүүлэх ажиллагаа зохион байгуулсан тухай АНУ-ын Тэнгисийн 7-р флотын удирдлагаас мөн мэдэгджээ. Уг ажиллагаа нь Цагаан ордны эрх баригчид “Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй байлгах амлалтдаа үнэнч байгаагийн илэрхийлэл” гэдгийг дээрх мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн АНУ-ын зэвсэгт хүчин олон улсын дүрэм журмын хүрээнд дэлхийн аль ч цэгт ийм ажиллагаа явуулах эрхтэйг тайлбарлажээ. АНУ болон түүний холбоотон орнуудын байлдааны хөлөг онгоцнууд сүүлийн жилүүдэд Тайванийн хоолойгоор тогтмол нэвтэрч байгаа нь Бээжингийн эрх баригчдын дургүйцлийг ихээхэн хүргэдэг юм.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас ням гарагт гаргасан мэдэгдэлд тус улс Тайванийн хоолойгоор нэвтрэх АНУ-ын байлдааны хөлгүүдийг анхааралтай ажиглаж, ямар нэг өдөөн хатгалга гарсан тохиолдолд нэн даруй хариу арга хэмжээ авах өндөр бэлтгэлтэй байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн өчигдөр буюу 8-р сарын 29-ны өдөр Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби дээрх ажиллагаа нь “Нэг Хятад” зарчимд бүрэн нийцэж байгааг мэдэгдсэн байна.