Европын холбооны эрх баригчид ОХУ-ын иргэдэд олгож буй визийн нөхцөлөө чангаруулна

Европын холбооны гишүүн орнууд 2007 онд ОХУ-ын эрх баригчидтай байгуулсан виз хөнгөвчлөх гэрээгээ цуцлахаар болсныг “Нью-Йорк Таймс” сонин ням гарагт мэдээлжээ. Европын холбооны Гадаад хэргийн сайд нар ирэх лхагва гарагт Чехийн нийслэл Прага хотод чуулах үеэрээ Оросын жуулчдад Шенгений виз олгох асуудлаар шийдвэр гаргана гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ. 

Европын холбооны удирдлагууд энэ оны 2-р сард Оросын цэрэг Украинд түрэмгийллээ эхлүүлсний дараа Оросын төрийн албан хаагч болон бизнес эрхлэгчдэд олгож байсан визний тусгай нөхцөлөө цуцалж жирийн иргэдтэй ижил ангилалд оруулсан байна. Тэгвэл ирэх лхагва гарагт уг шийдвэрээ дахин өөрчилж, визний нөхцөлөө дахин чангаруулах талаар эх сурвалжууд сэтгүүлчдэд мэдээлжээ. Ийнхүү ОХУ-ын иргэд Европын холбооны визийг авахад улам хэцүү, өндөр зардалтай, хүнд сурталтай болоод зогсохгүй зөвшөөрөл өгөх хугацаа нь ч уртсах юм байна. 

Чех, Финланд, Эстони улсууд тус тусдаа Оросын иргэдэд виз олгох бодлогоо чангалсны дараа нийт Европын холбооны орнуудын хэмжээнд визийн бүрэн хориг тавихыг уриалж байсан ч ийм хатуу хориг бүрэн дэмжлэг авахгүй байгаа юм. Тухайлбал Герман улс болон Европын холбооны удирдлагууд Оросын иргэдэд виз олгохоо бүрэн зогсоох нь хүмүүнлэгийн талаасаа боломжгүй гэж үзэж байна. Европын холбооны аль нэг гишүүн орон виз олгоход Шенгений бүсийн бүх 26 гишүүн орны нутаг дэвсгэрт зорчих боломжтой болдог юм.