БНХАУ, ОХУ, Монгол тэргүүтэй улсууд “ВОСТОК”-ын цэргийн хамтарсан сургуулилт явуулна

БНХАУ, Энэтхэг, Лаос, Монгол тэргүүтэй улсуудын эрх баригчид 4 жил тутамд ОХУ-ын зүүн хязгаарт зохион байгуулагддаг олон улсын цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилтад өөрсдийн зэвсэгт хүчнийг илгээхээр болсныг Кремлийн эх сурвалжууд мэдэгджээ. 2018 онд зохион байгуулагдсан цэргийн хамтарсан бэлтгэл, сургуулилтад Монгол, Сири, Азербайжен зэрэг улсын 300  мянга гаруй цэрэг оролцож байжээ. 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр “Энэ жилийн “ВОСТОК”-ын олон улсын цэргийн хамтарсан сургуулилт нь 4 жил тутамд зохион байгуулагддаг ердийн үйл ажиллагаа бөгөөд ирэх сарын 1-ээс 7-ны хооронд зохион байгуулагдана” хэмээн мэдэгджээ. Мөн Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч "ВОСТОК-ын цэргийн сургуулилтад оролцож байгаа нь одоогийн олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалтай холбоогүй бөгөөд хэвшмэл үйл ажиллагааг Өрнөдийн хэвлэлүүд буруу өнцгөөс мэдээлж байна” хэмээн мэдэгджээ.

Харин ажиглагчдын үзэж байгаагаар ирэх долоо хоногийн мягмар гарагт эхлэх цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилт нь Украины дайн эхэлснээс хойших Бээжин, Москвагийн хамтарсан томоохон стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаа болж байгаа учраас олны анхаарлыг татаад байна. Мөн Батлан хамгаалахын шинжээчид АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайванд хийсэн айлчлалтай холбогдуулан Бээжингийн хариу үйлдэл нь зэвсэгт хүчнээ цэргийн сургуулилтад илгээж байгаа гэжээ. Түүнчлэн Лаос, Монгол, Сири тэргүүтэй улсууд  цэргээ Орос руу илгээх гэж байгаа нь Өрнөдийн улсуудын хараанд сөрөг дүрээр өртөж байна хэмээн шинжээчид онцолжээ.