Даваа гарагт Украины зэвсэгт хүчин тус улсын өмнөд бүсийн хэд хэдэн газар сөрөг довтолгоогоо эхлүүлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Өмнө нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Оросын армийн бүслэлтэд байгаа газар нутгаа чөлөөлөх ажиллагааг ирэх 9-р сараас эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан юм.
Өнгөрсөн даваа гарагт Украины стратегийн харилцааны газраас мэдээлснээр “Украины зэвсэгт хүчин Херсон хотын ойролцоо эзлэн түрэмгийлэгчдийн эхний хамгаалалтыг эвдлээ. Өрнөдийн илгээсэн зэр зэвсгийг амжилттай ашиглаж чадвал эзлэгдсэн газар нутгаа буцааж авах бодит боломж бий болно” гэдгийн цохон тэмдэглэжээ. Мөн өчигдөр АНУ-ын Батлан хамгаалах яамны эх сурвалжууд Украины зэвсэгт хүчин Херсон хот орчимд ОХУ-ын армийн эсрэг сөрөг довтолгоогоо эхлүүлснийг баталжээ.
Түүнчлэн Украины өмнөх Ерөнхийлөгч Петро Порошенко “Удаан хүлээгдсэн сөрөг довтолгоо эхэллээ. Ажиллагаа даваа гарагийн өглөөний 7 цагт их буу, пуужингийн цохилт өгснөөр эхэллээ. 2022 оны 2-р сараас хойш Украины цэргүүд анх удаа Өрнөдийн их буу, Himars, пуужингуудыг хамтад нь сөрөг довтолгоонд ашиглаж байна” гэж CNN сувагт ярьжээ. Украины сөрөг довтолгоо эхэлсэнтэй холбогдуулан тус улсын төрийн өндөр албан тушаалтнууд болон албаны олон олон эх сурвалжууд Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд үйл явдалтай холбоотой шинэ мэдээллүүдийг өгсөөр байна. Өмнөд бүсийн Херсон хот бол 3-р сарын эхээр Оросын цэрэгт эзлэгдсэн Украины анхны томоохон хот юм. Украины тал сөрөг довтолгооны талаар удаан ярьж байгаа ч бодитой алхам хийж эхлээгүй байсан юм.
Үүнээс гадна өмнөд Украины өөр нэг халуун цэг нь Запорожийн атомын цахилгаан станц болоод байгаа. Энэ станц нь Херсон хотоос зүүн зүгт, Днепр мөрний эрэгт оршдог. Оросын тал станцыг барьцаалж, хамгаалалт болгон ашиглаж байгаа хэмээн Украины тал буруутгадаг. Хэрэв энд осол гарвал бүс нутгийг хамарсан томоохон цөмийн гамшиг гарах эрсдэлтэй байна. Станцын нөхцөл байдлыг шалгаж, үнэлэх олон улсын атомын эрчин хүчний агентлагийн мэргэжилтнүүдийн баг энэ долоо хоногийн сүүлээр Запорожьед очих төлөвлөгөөтэй байгаа юм.