МСҮТ-д суралцагчид сар бүрийн тэтгэлгийг төгссөний дараа хуримтлал хэлбэрээр олгоно

Өчигдөр буюу 8-р сарын 31-ны өдөр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан Мэргэжлийн боловсролын тухай хуулийн төслийг Улсын их хуралд өргөн барилаа. Хуулийн өөрчлөлтөд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах хугацаа 2,5 жил байсныг гурван жил болгон өөрчилсөн бөгөөд сар бүр авах тэтгэлгийг хуримтлал хэлбэрт шилжүүлж төгссөний дараа олгох юм. 

Их дээд сургуульд суралцаж дээд боловсрол эзэмшсэн ч ажлын байраар хангагдаж чадахгүй байх тохиолдол цөөнгүй байна. Тоо баримтаас дурдвал дээд боловсрол эзэмшсэн 30 залуу тутамд нэг ажлын байр ногддог. Харин Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдийн дунд 6-7 оюутан тутамд нэг ажлын байр оногддог байна. 

Бусад орны жишгээс харахад Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 30-40 хувь Их, дээд сургуульд элсдэг. Харин манай улсын тухайд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 95 хувь нь Их, дээд сургуульд элсэж байна. 

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурахад олгодог сар бүрийн тэтгэмжийг мөн энэхүү хуулийн төслийн хүрээнд өөрчилсөн бөгөөд төгссөний дараа хуримтлал хэлбэрээр олгох өөрчлөлтийг тусгасан байна. Ингэснээр төгсөгч өөрийн ажлын байраа бий болгоход үр нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.