Өнгөрсөн сард ОХУ болон Украины эрх баригчид харилцан тохиролцож гэрээ байгуулснаар Хар тэнгист тээвэрлэлт хийгдэхэд бэлэн болоод байсан Украины үр тариаг дайн эхэлснээс хойш анх удаа захиалагчдад хүргэх ажил эхэлсэн юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт сая сая хүмүүсийг өлсгөлөнд нэрвэгдэхээс аврах 1.2 сая тонн үр тариа ачсан 50 гаруй хөлөг онгоц Африк тивийн боомтуудад хүрчээ.
Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр Этиоп улсын эмзэг бүлгийн иргэдэд зориулсан 23 мянган тонн улаан буудай мягмар гарагт газардсан байна. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүрээнд Украин улсаас жил бүр олон сая тонн үр тариаг хөнгөлттэй үнээр худалдан авч Африк тивийн эмзэг бүлгийн иргэдэд тараадаг байна. Өнгөрсөн 2021 онд 6 сая тонн улаан буудай, эрдэнэ шиш, арвай зэргийг тус хөтөлбөрийн хүрээнд дэлхийн ядуу буурай улс орнуудын иргэдэд олгосон юм.
Украины үр тариа ийнхүү дахин дэлхийн зах зээлд гарч ирсэн нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Ургамлын сайн чанарын бордоо ачсан хөлөг онгоцнууд мөн Европын боомтуудад удахгүй хүргэгдэх төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Мөн сүүлийн 6 сарын хугацаанд олон улсын зах зээл дээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ огцом өсөөд байсан бол энэ сарын эхнээс үнэ мэдэгдэхүйц хэмжээгээр буурч эхэлжээ. Түүнчлэн хүйтний улирал наашилж, Азийн болон Зүүн Европын улс орнууд өвлийн бэлтгэлээ базааж эхэлж байгаатай холбогдуулан Украины тариаланчид үр тарианы гарцаа нэмэгдүүлж, экспортын орлогоо өсгөхөөр төлөвлөж байгааг Ерөнхийлөгч Володимир Зеленський саяхан мэдэгдэж байсан юм.