Жо Байден 1.1 тэрбум ам.долларын өртөг бүхий зэр зэвсгийг Тайваньд худалдах хүсэлтийг Конгресст өргөн барина

Жо Байдены засаг захиргаа Тайваньд 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй зэр зэвсэг худалдах хүсэлтийг Конгрессын танхимд өргөн барих төлөвтэй байгааг өнгөрсөн мягмар гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэ сард Тайванд айлчилсны дараагаас Хятад улсын Батлан хамгаалах яам тус арлын эргэн тойронд томоохон хэмжээний цэргийн бэлтгэл сургуулилтыг явуулсаар байгаа юм. 

Бээжингийн эрх баригчдын зүгээс Тайванийг өөрийн мэдэлд оруулахын тулд шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй байгаа. Өнгөрсөн даваа гарагт Хятад улсын Батлан хамгаалах яам Тайванийн хяналтад байдаг арлуудын ойролцоо нисгэгчгүй сөнөөгч онгоцуудаа удаа дараа хөөргөсөн нь арлын эрх баригчдад дахин болгоомжлол төрүүлжээ. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа болон тус улсын хууль тогтоогчид Тайванийн засаг захиргааны удирдлагуудад байнгын дэмжлэг үзүүлж байгаагаа онцлон тэмдэглэж, ирэх долоо хоногт багтаан зэвсэг худалдах хүсэлтийг Конгрессын танхимд өргөн барихаар болсон байна.  

Шинжээчдийн мэдээлж байгаагаар Бээжин, Вашингтоны хурцадмал харилцааг Цагаан ордны эрх баригчид зөв чиглэлд оруулахаас илүүтэйгээр Тайванийн батлан хамгаалахын салбарыг хүчирхэгжүүлж, зэр зэвсгийн нөөцийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа юм байна. Мөн Хятадын эдийн засгийн өсөлтийн гол тулгуур нь өрнөдийн улс орнууд болоод байгаа нь Бээжин барууны улсуудын эсрэг шууд худалдааны хориг арга хэмжээ авч чадахгүйд хүргээд байгаа юм.