ОХУ-ын эрчим хүчний томоохон компани болох “Газпром” компанийн удирдлагууд лхагва гарагаас эхлэн Европ руу байгалийн хий нийлүүлдэг “Умардын Урсгал-1” хоолойн үйл ажиллагааг зогсоожээ. Хийн хоолойд жил бүрийн урсгал засвар хийх шаардлагатай байгаа тул 3-7 хоногийн хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоож байна гэж тус компанийн удирдлагууд мэдээлж байна.
ОХУ-ын төрийн өмчит “Газпром” компанийн “Умардын Урсгал-1” байгалийн хийн хоолой нь Санкпетербург хотоос ХБНГУ-ын зүүн хойд хэсэг хүртэл Балтын тэнгисээр дамжуулан 1200 километр үргэлжилдэг байна. Уг хоолойн бүтээн байгуулалт 2011 онд дууссанаар хийн нийлүүлэлт хийж эхэлсэн бөгөөд өдөрт бүрэн хүчин чадлаараа ажиллавал 170 сая куб.метр байгалийн хийг дамжуулах боломжтой ажээ.
Орос улс Украинд халдан довтолсноос хойш “Газпром” компанийн удирдлагууд уг хийн хоолойг ийнхүү гурав дахь удаагаа хааж байгаа юм байна. Уг хоолойг энэ оны 3-р сараас хойш ердөө 20 хувийн хүчин чадлаар ашиглаж байгааг Европын эх сурвалжууд мэдэгджээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Оросын тал дахин “Умардын Урсгал-1” хоолойг хаасан нь энэ хоногийн хугацаанд ноцтой хохирол учруулахгүй ч харилцан зөвшилцөлгүйгээр удаа дараа ийм үйлдэл гаргаж байгаа нь цаашид Берлины аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлнө гэдгийг Германы эрчим хүчний компаниуд мэдэгджээ.
Европын холбооны удирдагчид “Ковид-19” цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн улмаас сүүлийн нэг жилд огцом өссөн газрын тосны үнийг ОХУ-ын эрх баригчид дахин зориудаар өсгөх оролдлого хийж байна хэмээн Москваг буруутгаж байгаа. Дээрх шалтгааны улмаас Европын холбооны улсууд болон Зүүн азийн бүс нутгийн улсуудад газрын тос болон эрчим хүчний бүтээгдэхүүний тасалдал үүсэх эрсдэл ирэх өвөл улам бүр нэмэгдэж байгааг шинжээчид анхааруулсаар байна.