БНХАУ-ын эрх баригчдын Шинжаан дахь Уйгур болон бусад Исламын шашинтай үндэстний цөөнхийн эсрэг хэрэгжүүлж буй бодлого нь “Хүн төрөлхтний эсрэг” гэмт хэрэг байж болзошгүй байна гэж НҮБ-ын хүний эрхийн комиссын тайланд дурджээ. Тус байгууллагын дээд комиссар Мишель Бачелетийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас хэдхэн цагийн өмнө нийтлэгдсэн уг тайланд "Уйгур болон бусад Исламын шашинт голдуу иргэдийг Хятадын хууль сахиулагчид шалтгаангүйгээр цагдан хорьж, нийгмээс тусгаарлаж, баривчлан саатуулж байгаа нь олон улсын гэмт хэрэг, тэр дундаа хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг байж болзошгүй" гэж цохон тэмдэглэжээ.
НҮБ-ын хүний эрхийн асуудалтай холбоотой тайлангийн “Ерөнхий үнэлгээ”-нд Хятадын засгийн газрын терроризм болон шашны хэт даврагч үзлийн эсрэг “Стратеги бодлого хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шинжааны бүс нутагт хүний эрхийн ноцтой зөрчлүүд үйлдэгдсэн” хэмээн дүгнэжээ. Мөн тус тайланд "Эрүү шүүлт, зүй бус харьцсан тэмдэглэл, тэр дундаа албадан эмчилгээ хийлгэх, цагдан хорих таагүй нөхцөл байдал үүсгэсэн” гэх мэдээллүүд нь үнэн бодит хэмээн онцлон дурджээ.
НҮБ-аас нийтэлсэн уг тайланг олон нийтэд танилцуулахыг БНХАУ-ын эрх баригчдын зүгээс хүчтэй эсэргүүцэж байсан төдийгүй тайланг нийтлэгдсэний дараа буруу ташаа, худал мэдээлэл тарааж байна хэмээн шүүмжилсэн байна. НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд үнэлгээг гаргахын тулд олон мянган баримт цуглуулж, мөн бусад эх сурвалжуудаас илгээсэн материалуудыг үнэлж, дүгнэхийн сацуу Уйгур, Казак, Киргиз үндэстний 40 гаруй иргэнтэй ярилцлага хийсэн байна. Ярилцлагад хамрагдсан хүмүүсийн 26 нь баривчлагдсан эсвэл Шинжаанд хүчээр хөдөлмөр эрхлүүлэх газруудад ажиллаж байсан гэж мэдэгджээ. Уг тайланд Хятадын засгийн газрыг "Хүний эрх, үндсэн суурь эрх чөлөөг хэт өргөн хүрээтэй, дур зоргоороо, ялгаварлан гадуурхсан байдлаар хязгаарлаж, олон улсын хэм хэмжээ, стандартыг зөрчсөн" хэмээн буруутгажээ.
Шинжаан уйгурын өөртөө засах бүс нутагт хэрэгжүүлж буй Хятадын засгийн газрын бодлого, үйл ажиллагаа нь хил хязгаарыг давсан бөгөөд гэр бүлийн гишүүдийг салгаж, иргэд хоорондын харилцаа холбоог тасалж, хууль сахиулагчид айлган сүрдүүлж, заналхийлэх аргаар хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг тайланд цохон тэмдэглэжээ.