Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан зуух, пийшингийн битүүмжлэл алдагдах, бөглөрөл үүсэх, яндангийн бүхээгийн хаалтыг хаасан зэргээс үүдэн иргэд угаарын хийн хордлогод өртөх эрсдэл нэмэгддэг. Мөн өнгөрсөн өвөл шахмал түлшний хатаалтын горим алдагдаж бутарч унах, бүрэн шаталт явагдахгүй байх зэргээс шалтгаалан олон иргэн эрүүл мэндээрээ хохирчээ. Энэ жилийн тухайд шахмал түлшний хатаалтын горим алдагдаж байсан зүүн бүсийн үйлдвэр дээр хатаалтын машинуудыг нэмэгдүүлж хатаалтын горимыг хангаж ажиллахаар болжээ.
2022 онд шахмал түлшнээс гарч байгаа угаараас шалтгаалан Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвд 1630 гомдол иржээ. Харамсалтай нь шахмал түлшнээс шалтгаалан 2 иргэн амиа алдсан байна.
Шахмал түлшний хэрэглээ энэ онд 2019 оноос 300 мянган тонноор нэмэгдсэн бол, чанар бат бөхийн хэмжээ 94.9-95.2 хувьтай байна.
Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш ХХК 91.650 тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн Нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд нөөцлөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй мянган тонноор илүү байгаа гэлээ.
2022 оны өвөл сайжруулсан шахмал түлшний үнийг Засгийн газраас 50 хүртэлх хувиар бууруулж шахмал түлшний хэрэглээ эрс ихэссэн. Мөн шахмал түлшний чанар муу байгаагийн шалтгаан нь үнийг хэт бууруулсантай холбоотой гэж үзэх иргэд олон байна. Үүнийг дагаад олон хүн эрүүл мэндээрээ хохирсон байна.
Тэгвэл дээрх асуудлыг ахин давтахгүйн тулд шахмал түлшний чанар стандартыг сайжруулахаар зүүн бүсийн шахмал түлшний үйлдвэр дээр хатаагч машинуудыг нэмэхээр болсон байна.
Мөн ирэх өвөл шахмал түлшний чанарыг сайжруулахаар түлшний түүхий эд болох мидлингийн нөөц 185.000 мянган тонныг бэлдээд байгаа бол иргэдийн зүгээс угаарын мэдрэгчээ шалгах, гэр байшингаа дулаалах нь чухал юм.