АНУ-ын иргэдийн дийлэнх хувь нь Галт зэвсгийн хяналтын тухай хуулийг чангатгах хэрэгтэй гэж үзжээ

АНУ-д Галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан галт зэвсгийн хяналтын тухай хуулийг чангатгах хэрэгтэй байгааг саяхан тус улсын насанд хүрсэн иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Чикагогийн их сургуулийн Харрисын төрийн бодлогын сургуулийн судалгааны төвийн санал асуулгын дүнгээс харахад Америкчуудын 71 хувь нь галт зэвсгийн хяналтын хуулийг чангатгах ёстой гэж үзжээ. 

Судалгааны дүнд өгүүлснээр АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүдийн тэн хагас орчим, Ардчилсан намын гишүүдийн дийлэнх нь, галт зэвсэг эзэмшдэг өрхийн гишүүдийн дийлэнх нь ийм хариулт өгчээ. Товчхондоо 10 хүн тутмын найм нь улс оронд нь галт зэвсэг ашиглан үйлдэх гэмт хэргийн тоо өсөж байгаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол гуравны хоёр нь өөрийнх нь амьдардаг муж улсад ийм төрлийн гэмт хэргийн тоо өсөж байна гэж хариулсан байна. Галт зэвсгээр олон хүний аминд хүрсэн гэмт хэргийн гаралт нэмэгдэх болсонтой холбоотойгоор олон нийт ийм асуудалд илүү анхаарал хандуулах болсон үед буюу өнгөрсөн 7-р сарын 28-наас 8-р сарын 1-ны хооронд уг санал асуулгыг явуулжээ. 

18 дугаар зуунд, АНУ-ын үндсэн хуульд 2 дахь удаагаа нэмэлт өөрчлөлт орох үед, тус улсын иргэд галт зэвсэг ашиглах, эзэмших эрхтэй болсон төдийгүй 100 америк иргэнд 120 галт зэвсэг ногдож байгааг судалгааны үр дүнгүүд харуулдаг.  Энэ нь дэлхийн хэмжээнд авч үзвэл, хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогддогоос гадна, гал зэвсэг эзэмших эрх нь хэт нээлттэй, шалгуур нөхцөл нь хөнгөвтөр байдал нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх нэг нөхцөл болсоор иржээ. Зөвхөн 2020 онд, АНУ-д галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн улмаас 45 мянган хүн амиа алджээ.

Тэгвэл өнгөрсөн 6-р сард АНУ-ын Дээд шүүх Галт зэвсэг эзэмших тухай хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах саналыг баталсан. Уг хуулийн төсөлд хагас автомат төрлийн галт зэвсгийг хориглох, насны хязгаарыг 18-21 болгох байсан юм. Харин Нэгдсэн улсын иргэд дээрх хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт хангалттай бус гэж үзсэн бөгөөд дахин галт зэвсгийн хяналттай холбоотой хуулийг чангатах саналтай байгаа гэдгээ илэрхийлжээ. Иргэдийн саналд үндэслэн АНУ-ын зарим томоохон хотуудын эрх баригчид галт зэвсэгтэй холбоотой шинэ журмыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, Нью-Йорк хотын захиргаа иргэдийг олон нийтийн газраар зорчихдоо галт зэвсэг эзэмшихийг хориглоно. Хэрэв тус хотын иргэд олон нийтийн газар өөрийгөө хамгаалах зорилгоор галт зэвсэг эзэмших шаардлагатай гэж үзвэл сэтгэцийн хувьд эрүүл гэдгээ олон эх сурвалжаар баталгаажуулах, мөн олон нийтийн газар буу эзэмшихийн тулд урьдчилан хуулийн байгууллагад  мэдэгдэх шаардлагатай байна.