“Рио Тинто” групп “Туркойз Хилл Ресурс” компанийн үлдсэн 49 орчим хувийн хувьцааг нэгж бүрийг нь 43 канад доллароор худалдан авах зарчмын тохиролцоонд хүрчээ. “Туркойз Хилл Ресурс” компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан хөндлөнгийн тусгай хороо санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд компанийн 49 хувийн хувьцааг 3.3 тэрбум орчим ам.доллараар үнэлсэн байна.
Тус компанийн нэгж хувьцааг 43 Канад доллароор худалдан авах санал нь компанийн үлдсэн хувьцааг худалдан авах санал гаргах өдрийн өмнөх өдрийн ханшаас 25 Канад доллар буюу 67 хувиар, Монголын засгийн газар, “Tуркойз Хилл ”, “Рио Тинто” Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээс нэг хоногийн өмнөх өдрийн ханшаас 19 канад доллароор буюу 25 хувиар өндөр үнэлгээ юм байна.
Үүнтэй холбогдуулан “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал хэлэхдээ, “Рио Тинто” Монгол улсын Засгийн газартай шууд түншлэн ажиллахад ач холбогдол өгч байгааг тодотгоод, энэхүү хэлцэл нь гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд удаагүй байгаа энэ үед компанийн засаглалыг хялбаршуулан, үр ашгийг дээшлүүлэх, улмаар Оюутолгой төсөл урт хугацаанд амжилттай хэрэгжих санхүүжилтийн баталгааг бий болгоно” гэжээ.
Ингэснээр Монгол улсын нийслэл Улаанбаатараас өмнөд зүгт 550 км зайд орших дэлхийд томоохонд тооцогдох зэс, алтны орд болох Оюутолгойн 66 хувийг Рио-Тинто групп дангаар эзэмшинэ гэдгийг “Ройтерс” агентлаг уламжилжээ.