Энгийн үед замын хөдөлгөөний дундаж хурд 7 км/ц байдаг бол тэгш сондгойгоор хязгаарласан үед 15-20 км/ц байна

Ойрын өдрүүдэд цахим ертөнцөд автомашины дугаарыг тэгш сондгойгоор цаашид үргэлжлүүлэх эсэх асуудал халуун сэдэв байлаа. Өнгөрөгч сарын 27-ний өдрөөс эхэлсэн энэхүү шийдвэр нь өнгөрсөн долоо хоногийн ням гарагт дуусгавар болсон. Тэгвэл холбогдох албаныханы зүгээс энэхүү шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх талаарх саналыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн бариагүй, үр дүнг судалсны эцэст өргөн барих эсэх нь шийдэгдэнэ гэсэн юм.

Иргэдийн зүгээс тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа энэхүү шийдвэрт тал бүрийн байр суурийг илэрхийлж байгаа төдийгүй зарим мэдээллийн сайтууд санал асуулгыг явуулж эхлээд байна. 

Өнгөрсөн жилийн 9-р сард Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн дундаж хурд 5 км/ц байсан. Харин энэ жилийн тухайд 15-20 км/ц байгаа нь тодорхой үр дүн гарч байгааг илтгэж байна гэж албаныхан үзэж байна.

Энэ сарын 7-ны өдөр болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралд тэгш сондгойгоор хязгаарлах шийдвэрийг хэлэлцэх асуудал тусгагдаагүй ч хотын дарга асуудлыг шууд оруулж ирэх боломжтой гэж холбогдох албаныхан мэдээлсэн юм.