БНХАУ-ын эрх баригч Коммунист нам таван жил тутам хийдэг ээлжит их хурлаа ирэх 10-р сарын 16-аас эхлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Энэ удаагийн их хурлаар Коммунист намын ирэх таван жилийн бодлогыг тодорхойлох, Ши Жиньпин түүхэнд гурав дахь удаагаа тус намыг манлайлснаар Мао Зэдунаас хойших хамгийн хүчирхэг удирдагчдын байр сууриа хадгалах, “Ковид-19”-ийн халдвараас үүдэлтэй уналтад ороод байгаа улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, Орос-Украины хурцадмал нөхцөл байдал, Бээжин-Вашингтоны зөрчилдөөн зэрэг олон арван асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.
Хятадын Коммунист намын их хурал нь Бээжин хотын төвд байрлах Ардын их хурлын танхимд ихэвчлэн долоо хоног, хаалттай хэлбэрээр үргэлжилдэг байна.
69 настай Ши Жиньпин арваад жилийн өмнө Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болсноосоо хойш эрх мэдлээ тогтвортой, тууштайгаар баталгаажуулсан төдийгүй түүний засаглалыг эсэргүүцсэн бүлэг, фракцуудыг үгүй хийж чадсан гэж шинжээчид үздэг. Эдийн засгийн өсөлт удааширсан, “Ковид-19”-ийн халдварын эсрэг хэрэгжүүлсэн хатуу бодлого, түүний улс төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалаас авхуулаад барууны орнуудтай зөрчилдөөн нэмэгдсэн, Тайванийг тойрсон хурцадмал байдал зэрэг асуудлууд нь түүнийг гурав дахь удаагаа Коммунист намын даргаар сонгогдох замд саад учруулж чадахгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
Түүнчлэн Ши Жиньпиний засаглалын он жилүүдэд Хятад улсын гадаад бодлого сүүлийн 40 жилийн хугацаанд хамгийн тогтвортой байсан бөгөөд тус улсын иргэд Хятад төвтэй, улс орноороо бахархах хандлагатай болсныг Хятад судлаачид онцолжээ. Мөн тус намын 20-р их хурлын дараа Ши Жиньпин дахин Коммунист намын дарга, Цэргийн төв зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэх төлөвтэй байна. Харин бодлогын ерөнхий чиглэлд бага зэрэг өөрчлөлт гарах магадлалтай байгаа бөгөөд үүн дотор Ерөнхий сайд Ли Көцяныг албан тушаалаас нь буулгаж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.