Япон улсын хүн амын 29.1 хувийг өндөр настнууд эзэлж байна

Япон улсад өндөр настнуудын тоо 36.4 саяд хүрсэн нь тус улсын хүн амын 29.1 хувийг эзэлж байгаа талаар тус улсын холбогдох албанаас мэдээлжээ. Японд 65 болон түүнээс дээш насны хүмүүсийг өндөр настан гэх ангилалд хамааруулдаг байна. Өнөөдрийн байдлаар Япон улс насжилтаараа дэлхийд тэргүүлж байна.

Япон улсын иргэдийн насжилт энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд хүн амынх нь 35-аас дээш хувийг өндөр настнууд эзлэхээр байгааг судалгаа харуулжээ. Нийт өндөр настнуудын 16 сая нь эрэгтэй, 20.4 сая нь эмэгтэйчүүд байгаа юм. Ийнхүү хүн амын насжилт өндөрсөхийн хэрээр ажиллах хүчний хомсдолд орж, сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхэлдэг өндөр настнуудын тоо ч дагаад өсөх болжээ. Өнөөдрийн байдлаар тэтгэврийн насны 9.1 сая ахмад настан хөдөлмөр эрхэлж байгааг эх сурвалжууд баталжээ. Энэ нь жилийн өмнөхөөс 220 мянга орчмоор өссөн үзүүлэлт юм. Харин Япон улсын араас Итали улс орж байгаа бөгөөд тус улсын хүн амын 24 хувь нь өндөр настнууд байгаа юм. Тэгвэл 3-т хүн амынх нь 23 хувийг өндөр настнууд эзэлж буй Португал улс нэрлэгджээ.