БНСУ-аар дамжин нисэхэд транзит визтэй болсон гэдэг нь худал, ташаа мэдээлэл

Орчин үед сошиал мэдээ олны анхаарлыг татах болсон. Тухайлбал, 3.1 сая хүн амтай манай улсад гэхэд л 2.6 сая интернэт хэрэглэгчид байна. Үүний 60 хувь нь сошиал сүлжээнд, ялангуяа фэйсбүүкт идэвхтэй байдаг. Энэ нь хүн амын талаас илүү хувь нь мэдээллийг цахимаар хүлээн авч, түгээдэг байна. Харин өдрийн турш сошиал сүлжээнд урсдаг их хэмжээний мэдээлэл бүгд үнэн бодит байдаггүйн нэг жишээ бол өнгөрсөн долоо хоногт тархсан Солонгос улсаар дамжин нисэхэд транзит виз хэрэгтэй болсон гэх мэдээлэл юм. Гэвч албаны эх сурвалжийн зүгээс уг мэдээлэл худал болохыг залруулсан юм. Энэ мэтчилэн худал мэдээлэл нийгэмд түгдэг нь олон зүйлээр иргэдийг хохироодог байна.

Мэдээлэл мэдээллийн үнэ цэнэ чухал болсон, технологи үсрэнгүй хөгжиж буй энэ цагт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээ, мэдээллээ сайтар нягталж үнэн зөв мэдээлэх үүрэг хариуцлагатай тулгарч байна. Нөгөөтээгүүр, иргэд ч мөн адил мэдээллийг шууд түгээхээсээ өмнө үнэн зөв эсэхийг ялгаж, таньж сурах нь чухал болоод байна. Үүнийг бид өнөө цагт "Мэдээллийн боловсрол" хэмээн нэрлэдэг. Худал мэдээлэл тараахад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг байна. Хөгжингүй улс орнууд өөрсдийн арга барилаар хуурамч мэдээллийн эсрэг арга хэмжээ авч, мэдээлэл хүлээн авагч иргэдээ боловсруулж эхэлсэн өнөө цагт манай улс мөн адил мэдээллийн боловсролыг сайжруулахгүй бол мэдээлэл хүлээн авагч иргэд бид олон зүйлээр хохирч үлдэх нь өнгөрсөн долоо хоногт тархсан Солонгосын транзит визний мэдээний жишээнээс харагдаж байна.