Дотоодын тээврийн 2000 ажилтан ажил хаяхаа мэдэгдлээ

Монгол улсын эдийн засгийн гол хөшүүрэг болох нүүрсний экспортын тээвэр цар тахлын уршгаар чингэлэг тээврээр солигдсон. Харин энэ нь задгай нүүрс тээвэрлэгчдийн зах зээлийг хаагаад байгаа юм. Үүнээс гадна нүүрсний чингэлэг тээврээс шалтгаалан ачаа тээвэрлэлтийн жишиг тариф ч мөрдөгдөхгүй байгаа. Нүүрс тээвэр нь манай улсын эдийн засгийн 40 хувийг дангаар бүрдүүлдэг.

“Ковид-19”-ийн халдварын үеийн шинэ журмаар чингэлэг машинаар богино зайд тээврийг явуулах зохион байгуулалтад шилжсэн. Иймд тээвэрчид цагаан хад суурьшлын бүсээс Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлт хийх боломжгүй болсон байна. Дотоодын тээвэрчид, үндэсний компаниуд нэг бүр нь 380 сая төгрөгийн үнэтэй давхар чиргүүлтэй машин худалдан авах чадамжгүй болсон учраас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гаднын компаниудад өөрсдийн тээврийн ажлыг алдсан байна. Улмаар тээвэрчид уртын тээвэрлэлтэд явж эхэлсэн. Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны чиглэлд нэг талдаа 230 километр зам туулдаг байна. Тодруулбал 475,000 төгрөгөөр түлш аваад 230 километрийн тээвэр хийдэг байсан бол харин одоо сая төгрөгийг зөвхөн түлшинд зарцуулдаг байна. Иймд тээвэрчид тээврийн ханшийг цаашид тэвчиж, хүлээн зөвшөөрөхөд хүнд байгаа. Тав хоногийн дотор нүүрсний экспортын тээврийг гацаанаас гаргахгүй бол тээвэрчид нэгдсэн ажил хаялт зарлаж, эрх ашгаа хамгаалуулахаар эвлэлдэн нэгдэх болно гэдгийг тэд илэрхийлсэн юм.