Хиннамнор нэртэй хар салхи Өмнөд Солонгосыг дайран өнгөрчээ. Хар салхины улмаас нэг хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн орон гэргүй болсныг албаныхан мэдэгдсэн юм. Солонгосын Цаг уурын хяналтын газрын мэдээлснээр мягмар гарагийн өглөөний 07 цаг 10 минутад зүүн өмнөд хэсгийн хот болох Ульсаны усан орон зайг дайрч, Гожэ хотод ихээхэн хэмжээний хохирол учруулсан байна.
Өчигдрийн 11 цагийн байдлаар Хиннамнор хар салхи 62 километр цагийн хурдтай байсан бөгөөд оройн 21 цаг гэхэд Японы Саппоро орчимд хүрэх төлөвтэй байжээ.
Хар салхитай холбоотойгоор авсан арга хэмжээг ихэнх бүс нутагт хэрэгсэхгүй болгоод байгаа ч, Ульсан, хойд Гёнсан, Зүүн Ганвон аймгуудад одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ажээ. Тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёл хар салхийг бүрмөсөн намжих хүртэл урьдчилан сэргийлэх арга хэмжээг зогсоохгүй байхыг холбогдох албаныханд үүрэгджээ.
Өчигдрийн байдлаар Похан хотод нүүлгэн шилжүүлэлтийн үеэр нэг иргэн үерийн усанд урсаж амиа алдсан байна. Түүнээс гадна нэг иргэн бэртэж, хоёр иргэн ор сураггүй алга болоод байгааг БНСУ-ын Дотоод хэрэг, Үндэсний аюулгүй байдлын яамнаас мэдээлсэн байна. Аврах, эрэн хайх ажиллагаа цааш үргэлжлэхийн хэрээр уг тоо нэмэгдэх боломжтойг мөн тэмдэглэсэн юм. Одоогоор 2900 иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажил идэвхтэй явагдаж байгаа. Гамшгийн улмаас 66,000 айл өрх тог цахилгаангүй болсны дөнгөж 45 хувийг эргэн холбоод байгаа юм байна. Ган үйлдвэрлэгч Поско компанийн хэвлэлийн төлөөлөгч тус компанийн Похан дахь үйлдвэрээс хий алдагдсан явдал хар салхинаас үүдэлтэй эрчим хүч тасарсантай холбоотой гэх тайлбарыг өгсөн байна.
Цэрэг хүчний байгууллагын зүгээс газар уснаа явагч тээврийн хэрэгслүүдийг аврах ажиллагаанд ашиглаж байгааг тус улсын батлан хамгаалахын сайд мэдэгдсэн байна. Энэхүү байгалийн онц аюултай үзэгдлээс болж хэдэн зуун нислэг цуцлагдаж, бизнесийн байгууллага аж ахуй нэгж, сургуулиуд үүд хаалгаа барихад хүрчээ.
Дэйвү усан онгоцны үйлдвэрийн хэвлэлийн төлөөлөгч гамшгийн үеэр үйлдвэрт ямар нэгэн осол болоогүй, мягмар гарагт хуваарийн дагуу амарсан гэсэн бол Хюүндай хүнд үйлдвэрийн төлөөлөгч уг үйлдвэр мягмар гарагийн үдээс хойш ажлаа үргэлжлүүлсэн гэж мэдээлсэн байна. Тус хоёр үйлдвэр нь хоёул хар салхинд өртсөн бүс нутагт байршдаг юм.
Хөрш Хойд Солонгос улс ч мөн адил Хиннамнор хар салхитай холбогдуулан удирдагч Ким Жон Ун тэргүүтэй албаны хүмүүс хоёр хоног хуралдаж, Өмнөд Солонгосын хилийн ойролцоох даланг нээж усыг суллах зэрэг арга хэмжээ авчээ. Хэрэв тус даланг суллах шийдвэр гаргавал урьдчилан мэдэгдэж үер усны аюулаас сэргийлэх боломж олгохыг Өмнөд Солонгосын тал удаа дараа хүссэн боловч, Пхеньян хариу өгөөгүй байна.