Хятадын баруун өмнөд бүс нутаг буюу Сычуань мужид болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо дор хаяж 65-д хүрчээ. Сычуань мужийн Ченду хот орчмоор даваа гаргийн 13 цагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Америкийн нэгдсэн улсын Геологийн судалгааны хүрээлэн мэдэгдсэн юм. Тэгвэл өчигдрийн байдлаар ч чичиргээ мэдрэгдсээр байсныг орон нутгийн хэвлэлүүд онцолж байна.
Газар хөдлөлтийн улмаас 248 хүн бэртэж, 12 хүн ор сураггүй алга болжээ. АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр уг газар хөдлөлтийн голомт 100,000 орчим оршин суугчтай Кандин хотоос 43 километрийн зайд байжээ. Ойр орчмын хотуудын сая гаруй оршин суугч газар хөдлөлтийн дараа жижиг чичиргээ мэдэрсэн тухай ярьсан байна.
Тэгвэл эрх баригчдын зүгээс 3-р түвшний онц байдал зарлаж, Лудин орчимд аврах бие бүрэлдэхүүнийг хүч нэмэгдүүлсэн талаар мэдээлсэн байна. Хөрсний гулгалтаас үүдэн боогдсон орон нутгийн замыг аврагчид чөлөөлөхөөр ажиллаж байгааг хятадын CGTN телевиз мөн мэдээлжээ.
84 сая хүний эх нутаг болсон Сычуань муж энэ газар хөдлөлтөөс өмнө ч хүндхэн зуныг туулаад байсан юм. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд л гэхэд уг муж сүүлийн 60 жилд тохиогоогүй их халалт, мөн үер усны аюултай нүүр тулсан юм.
2008 онд тохиосон 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Хятадын түүхэн дэх хамгийн том байгалийн гамшгуудын нэгд тооцогддог байна. Тухайн үед 90,000 гаруй хүн амь үрэгдэж, 1450 километрийн радиуст чичиргээ мэдрэгдэж байсан гэдэг.
Өнгөрөгч онд 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт мөн л Сычуань мужид тохиосон ба 3 хүний аминд хүрч 60 хүн бэртэж гэмтсэнийг тухайн үед холбогдох албанаас мэдээлж байсан юм.