Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлд “RFID” буюу радио долгионыг ашиглан таних систем нэвтрүүлнэ

Нийслэл хот  авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийт найман төслийг хэрэгжүүлнэ. Тэдгээрийн нэг нь “RFID” буюу радио долгионыг ашиглан таних систем юм. Уг төсөл хэрэгжсэнээр нийслэлийн нийт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нарийн мэдээллийг гаргах боломжтой болно.

Түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлж буй төслийн нэг нь RFID систем юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хянах, тэдгээрийн нарийн мэдээллийг гаргаж авахад чухал нөлөөтэй гэж албаныхан үзэж байгаа юм. 

Нэг замын цагдаад 1500 орчим тээврийн хэрэгсэл ногддог. Харин энэхүү төсөл хэрэгжсэнээр бүртгэгдсэн хяналтын цэгээр дайрахад тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх мэдээлэл гарч ирэх бөгөөд жолооч нарыг хариуцлагажуулахад чиглэх юм байна. 

Түүнчлэн 2015 оноос хойш автомат системийн тусламжтайгаар 3,4 сая гаруй зөрчлийг илрүүлсэн юм. Үүнд 81 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан ч үүнээс 47.9 тэрбум төгрөг төлөгдсөн бөгөөд үлдсэн 33 тэрбум төгрөг нь одоог хүртэл төлөгдөөгүй байгаа байна. Тэгвэл энэхүү систем хэрэгжсэнээр торгуулиа төлөөгүй жолооч нарыг илрүүлэх чухал нөлөөтэй юм.