Төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж инфляцаас шалтгаалан буурчээ

Манай улсын инфляц эхний хагас жилийн байдлаар 16.2 хувьтай гарчээ. Импортын бараа бүтээгдэхүүний үнэ, тээвэр логистикийн хүндрэлүүд үнийн өсөлтөд ихээхэн нөлөөлсөн гэж үзэж байна. Харин үнийн өсөлт иргэдийн бодит худалдан авалтад дарамт учруулахаар өндөр түвшинд хүрээд байгаа энэ үед төгрөгийн ханш уналттай байгаа тул иргэд төгрөгийн хадгаламжаас илүү валютын хадгаламжийг сонгох болсон байна.

Эхний хагас жилд манай улсын эдийн засаг 1.9 хувиар өссөн. Ийнхүү өсөхөд уул уурхайн бус салбар ялангуяа үйлчилгээний салбарын хувь нэмэр их байсан байна. Уул уурхайн салбарын экспорт олборлолт бага байснаас болоод эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлжээ. Харин хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний цэвэр татвар эдийн засгийн өсөлтийг эерэг гаргахад чухал нөлөө үзүүлсэн байна. Ингэснээр эдийн засаг одоогоор тогтвортой байгаа гэсэн юм.

Харин банкны салбарын нийт эх үүсвэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг их наяд төгрөгөөр буурчээ. Өөрөөр хэлбэл банкнуудын эх үүсвэр 4%-аар буурсан байна. Банкны эх үүсвэр нь иргэд, байгууллага болон хөрөнгө оруулагчдаас татсан өр төлбөрийн хэмжээг илэрхийлдэг юм. Одоогоор иргэдийн ихэнх хувь төгрөгийн хадгаламжаас илүүтэйгээр валютын хуримтлалыг сонгож байгаа юм.

Одоогоор төгрөгийн ханш суларсан боловч инфляцыг гүйцэж сулраагүй. Төлбөрийн тэнцлийн хувьд эхний хагас жилийн байдлаар 104 сая төгрөгийн алдагдалтай байгаа гэж холбогдох албанаас мэдээллээ.