БСШУЯ, МХЕГ хамтран 6 сарын туршид ЕБС, СӨБ-ийн байгууллагад ажиллаж байгаа 50 гаруй мянган багшийн боловсролын баримт бичигт шалгалт хийсэн байна. Шалгалтад хамрагдсан багш нарын баримт бичгээс 724 нь зөрчилтэй байсныг олон нийтэд мэдээлсэн. Эхний байдлаар илэрсэн 724 бичиг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Манай улсад ерөнхий боловсролын сургуулийн 453, сургуулийн өмнөх боловсролын 271 цэцэрлэгт нийт 51 мянган багш ажиллаж байна.
Эдгээр багш нар давхардсан тоогоор 71 мянган дипломтой байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар 12 мянган багшийн диплом, баримт бичгийг хараахан шалгаж дуусаагүй байна.
Мөн дахин нягтлах шаардлагатай 2000 орчим диплом, баримт бичиг үлджээ.
Харин шалгалтаар хуурамч дипломын зөрчлүүд 2006 болон 2016 онд хамгийн их үйлдэгдсэн нь тогтоогджээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс дурдвал дипломын дугаар давхардсан зөрчил 454 байна. Энэ дээр бусдын овог нэрийг ашигласан, бусдын гарын үсгийг дуурайсан, дугаар өөрчилсөн, тамга буруу дарагдсан, сканердсан, регистрийн дугаар өөрчилсөн, өөр сургуульд олгосон дугаарыг авч ашигласан зэрэг зөрчилтэй байна.
Мөн бүртгэлгүй боловсролын дипломын дугаар ашигласан зөрчил 139 бүртгэгдсэн байна. Энэ нь тухайн жилүүдэд их, дээд сургуулиудад олгогдоогүй, бүртгэлд огт байхгүй дугаар бичиж, хуурамчаар үйлдсэн гэсэн үг юм. Мөн боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд байна. Жишээ нь элсэлт, төгсөлтийн тушаалгүй хэр нь шууд диплом бичиж өгсөн сургууль байгаа юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын системд хуурамч буюу зөрчилтэй дипломуудын дугаарыг шивж баталгаажуулдаг. Үүнийг систем дээр албажуулсан хууль бус явдал илэрсэн хэмээн мэдэгдлээ. Зөрчилтэй дипломын жагсаалтыг хуулийн байгууллагад шилжүүлээд байгаа юм.
Зөрчилд холбогдох хүмүүсийг ажлаас нь түр түдгэлзүүлэх байдлаар шалгалтыг явуулж байгаа. Зөрчилтэй гэж шилжүүлсэн баримт бичгийг хуулийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинж чанартай байна гэж үзсэн тохиолдолд бүр мөсөн ажлаас чөлөөлөх юм. Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангана гэсэн юм.
Харин боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас үргэлжлүүлэн их дээд сургуулиуд болон бусад боловсролын байгууллагын ажилтнуудын баримт бичгийг шалгахаас гадна салбар харгалзахгүй диплом шалгах ажлыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ.
Хуурамч диплом, бичиг баримт шалгах явцад хөндлөнгөөс дарамтлах, шалгалтыг зогсоох, мэдээлэл агуулж буй Hard disk алдагдах хэд хэдэн удаагийн үйлдэл гараад зогсохгүй хамгийн сүүлийн мэдээллээр БСШУЯ-нд хулгай орж, хуурамч дипломтой холбоотой материалууд алдагдсан байна.