БНХАУ-аас оюутнуудыг энэ хичээлийн жилд онлайнаар суралцахыг зогсоож танхимаар суралцах боломжоор хангаж байгаагаа мэдээлсэн. Гэтэл Монголоос Хятад улс руу нисэх нислэг нь оюутнуудад хүртээмжгүй байгаа юм. Тиймээс агаарын тээврийн компаниуд нислэгээ нэмэгдүүлж сард 6-н нислэг үйлдэхээр болсон. Боловсрол шинжлэх ухааны яамнаас бүх оюутнуудыг энэ сард тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул оюутнуудыг дараа дараагийн сард хуваан зорчуулахаар болжээ. Энэ сард товлогдсон нислэгийн дагуу ойролцоогоор хамгийн ихдээ 2000 оюутан сургуульдаа очих боломжтой гэж үзэж байгаа аж. Харин энэ сард Хятад улсыг зорих боломжгүй оюутнууд сургууль руугаа эртнээс мэдэгдэх шаардлагатайг сануулж байна. Энэ жил 10.000 оюутан сургууль руугаа буцаж очин, хичээлээ үргэлжлүүлэн суралцах зайлшгүй шаардлага байгаа юм.
Манай улсаас БНХАУ-д 12.000 оюутан суралцдаг. Тэд хувиараа сургалтын төлбөрөө төлж суралцдагаас гадна 80 хувь нь Хятад улсын Засгийн газрын тэтгэлгээр болон тус улсын мужийн, болон сургуулийн тэтгэлэг авч суралцдаг байна. БШУЯ-аас гаргасан судалгаагаар БНХАУ-д сурдаг нэг оюутан авсан тэтгэлгийн төрлөөсөө хамааран жилд 50.000.000-100.000.000 төгрөгийн тэтгэлэг авч суралцдаг байна. Оюутнууд энэ сардаа багтаан өөрийн сурдаг сургуулийн гадаад оюутан хариуцсан багштайгаа холбогдож нөхцөл байдлаа танилцуулахаас гадна. Хятад улсын гадаад оюутны тэтгэлгийн зөвлөлтэй холбогдон зөвлөгөө авах шаардлагатай юм байна.