Иргэд “vote.ulaanbaatar.mn” цахим сайтаар нэвтэрч саналаа өгөх боломжтой

Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт нь 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. 2011 онд нийслэлийн хүн ам 1.9 сая орчим байсан бол 2021 онд 2.3 сая болж өссөн. Энэ тоог нийслэл хотод бүртгэлтэй автомашины тоотой харьцуулбал 2012 онд 370 орчим тээврийн хэрэгсэлтэй байсан бол 2021 онд 662.000 буюу 290.000 гаруй тээврийн хэрэгслээр нэмэгдсэн юм. Энэхүү статистикаас харвал хүн амын тоо хэвийн хэмжээгээр өссөн ч автомашины тоо бараг нэг дахин өссөн байгаа юм. Тэгвэл өнгөрсөн сарын 27-ноос эхэлж энэ сарын 3-ыг хүртэл үргэлжилсэн тэгш сондгойгоор явуулах шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх дээр санал асуулга явуулж байна.

Иргэдийн саналыг харгалзан үзэж, 8 хоногийн хугацаанд тэгш сондгойгоор явуулсан үр дүн зэргийг нарийвчлан үзэж шийдвэр гаргана гэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хэлсэн байна.

Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал нь нийслэлд амьдарч буй 2.3 сая иргэний асуудал биш улсын хэмжээний асуудал болоод байгаа юм. Тийм учраас иргэд та бүхэн vote.ulaanbaatar.mn сайтад гар утасны дугаар болон дан систем ашиглан нэвтэрч санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байгаа бөгөөд энэхүү санал асуулга нэг сарын хугацаанд явагдана. Улмаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдэх товтой байгаа юм.