Пакистанд нүүрлэсэн үерийн аюулд 33 сая хүн нэрвэгдэж, 1314 хүн амиа алджээ

Пакистаны гуравны нэгийг хамарч үргэлжилсэн усархаг ширүүн борооны улмаас үерт автаж амь үрэгдсэн хүний тоо 1000 гаруйд хүрчээ. Мөн борооны усны улмаас тус улсын хамгийн том нуур болох Манчар нуурын эрэг гурван газарт сэтэрч их хэмжээний ус хальснаар 100.000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн ч ахин олон зуун мянган иргэдэд үер усны аюул нүүрлэсээр байна.

Уг сэтэрсэн гурван хэсгийн хоёрыг Засгийн газрын шийдвэрээр сэтэлсэн нь ням гарагт Манчар нуурын хүн бага суурьшсан талыг сэтлэн, хүн ам ихээр суурьшсан бүсэд үер болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг хэсэг байсан юм. Энэ шийдвэрийн улмаас 400 орчим тосгон, нийт 135.000 хүн амьдрах орон гэргүй болсон байна.

Хэдий нуурын эргийг сэтлэхийн өмнө оршин суугчдад удаа дараа анхааруулга өгсөн ч орон гэр, эд хөрөнгөө орхин явахыг хүсээгүй иргэд олноороо үлдэн үерт өртсөн байна.

Пакистаны гамшгийн менежментийн газрын хамгийн сүүлд гаргасан мэдэгдэлд үерийн аюулд 33 сая хүн нэрвэгдэж, 1314 хүн амиа алдсанаас 458 нь хүүхэд байсан тухай дурджээ.

Үерт нэрвэгдсэн тухайн бүс нутаг Пакистан улсын хоол хүнсний тэн хагасыг дангаараа үйлдвэрлэдэг бөгөөд угийн эдийн засгийн хямралд нэрвэгдээд байгаа энэ үед маш хүнд цохилт болж байгаа аж.

Нуурын ойр орчмын хот тосгодын иргэд гараа хумхиж зүгээр суулгүй Засгийн газрын техник хэрэгслийг ашиглан үерийн далан босгох ажилд ханцуй шамлан орсон байна.

Орон гэргүй болсон иргэдийн тухайд ихээхэн хэсэг нь Засгийн газрын түр хоргодох байранд амьдарч байгаа ч хангамж тааруу, байрны хүрэлцээ муутайгаас зам дагаж хүнс, ундны усгүй амьдарч байна.

Эрх баригчдын мэдээлэлд дурдсанаар 250.000 гаруй хүн түр хорогдох байранд байгаа нь үерт нэрвэгдсэн 33 сая иргэний тоотой харьцуулахад туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Зөвхөн Засгийн газар гэлтгүй хүмүүнлэгийн байгууллагууд бүхий л хүчин чадлаараа ажиллаж байгаа ч хүчин мөхөстөж байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан ундны цэвэр усны хомсдолоос шалтгаалсан элдэв өвчинд илүү санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлж байгаа улс орнууд болон уг хүчин зүйлийн нөлөөг хамгийн ихээр амсаж байгаа улс орнуудын хооронд хагарал үүсгэж байна.

Пакистан улс дэлхийн нийт хүлэмжийн хийн нэг хүрэхгүй хувийг ялгаруулдаг ч газар зүйн онцлогоос шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөөс маш их хохирол амсаж байгаа улс юм.